Монгол Казахстан улс түүх, дурсгалын газраа харилцан сурталчилж аялал жуулчлалыг шинэ шатанд гаргана
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ж.Адилбаевтай уулзлаа.
Элчин сайд Ж.Адилбаев өнгөрсөн сард тус улсад үүссэн улс төрийн нөхцөл байдал тогтворжиж, хэвийн болсон тухай танилцуулав. Тэрбээр “Энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой болно. Олон үйл ажиллагаа хамтран зохион байгуулна. Казахстан улс 2060 онд гэхэд нүүрс төрөгчөөс бүрэн ангижрах, агаар, ус, хөрсний бохирдлыг багасгахад дэвшилтэт техник технологи ашиглан үр дүнд хүрэхээр төлөвлөж байна” гэв. Мөн “Бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой үр дүтэй ажлыг Монгол Улсын БОАЖЯ, бусад төрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлагыг дэмжиж байгаа. Үүнээс гадна Монгол Улс, БНКУ хооронд нислэгийн тоог нэмж, тогтмол нислэг үйлдэх боломжоор хангавал хоёр талын аялал жуулчлалд тустай болно” хэмээлээ.
Талууд байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, цөлжилтийн талаар санал солилцжээ. Тодруулбал, байгаль орчин, агаар, ус, хөрсний бохирдлыг багасгахад бүс нутгийн байгаль орчныг хамгаалан сэргээх, 2 улсын аялал жуулчлалыг сурталчилж, зорчигчдын урсгалыг нэмэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил залгаа бүс нутгийн иргэдийн харилцан нэвтрүүлэх, аялал жуулчлалын шинэ маршрут бий болгож, “Чингисийн мөрөөр” аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх, агаарын тээврийн тоог нэмж, тогтвортой нислэг үйлдэх боломжоор хангах, ялангуяа Монгол Улс аялал жуулчлын хаалгаа нээж, цар тахлын үед жуулчин хүлээн авах журам, зохицуулалтаа тодорхой болгох, хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлж хамтарч ажиллахаар боллоо.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Байгаль орчин, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах саналыг бүрэн дэмжинэ. Монгол, Казахстан хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналтай байна. Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бүсийн хүрээнд 2030 он хүртэл аялал жуулчлалын салбарын стратегийг гишүүн орнууд баталсан. Энэ бодлогод Казахстан, БНХАУ, Монгол Улс хамтран өндөр уулын Алтайн кластерыг хөгжүүлэх тухай тусгасан. Хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагааны механезмыг түшиглэн энэ ажлыг эхлүүлэх саналтай байна” гэсэн юм.
Цөлжилт, газрын доройтлыг багасгах, нөхөн сэргээх чиглэлээр хоёр улс хамтран ажиллах боломжтойг талууд тэмдэглэлээ. Казахстан улсын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг Нур-султан хотноо төвтэй “Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөн”-ий гишүүн орны газрын доройтлыг тэглэх стратегийн зорилгын хэрэгжилтийн уялдааг хангах хамтын ажиллагааны асуудлаар ахлах албан тушаалтны цахим уулзалтыг Монгол Улс энэ онд зохион байгуулах аж.