Дархан-Уул аймаг “Ногоон Дархан-2032” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Аймгийн удирдлагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна.
Дархан-Уул аймаг нөхөн сэргээлт, ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, газрын доройтлыг бууруулах замаар иргэдийн амьдрах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор “Ногоон Дархан” төсөл анх боловсруулжээ.
“Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд гурван зорилт 14 үйл ажиллагаа төлөвлөсөн байна. Үүнд:
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, аймгийн хэмжээнд 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийн, хамгаалалтын зурвас байгуулж, 20.0 сая мод тарьж ургуулна. Ингэхдээ аймгийн ойн сан болсон Зулзагын голд 10 сая нарс мод, үлдсэн 10 сая модыг жилд нэг иргэн 10 мод тариснаар 2032 оныг дуустал Дарханд 20 сая мод тарьсан байх судалгааг гаргажээ.
Дархан-Уул аймаг нийт 103 мянган иргэнтэй. Үүний 80 орчим мянган иргэн нь Дархандаа тогтмол суурьшин амьдардаг. Шарын гол, Хонгор сумынхан тус бүр нэг сая мод тарих бол Орхон сумынхан 500.000 мод тарих юм. Дархан суманд 11 жилийн хугацаанд 7,5 сая мод тарихаар төлөвлөж буй бөгөөд жилд дунджаар 680.000-750.000 мод тарих юм байна.