Б.Бат-Эрдэнэ: “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөр” боловсруулж байна
Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ, “Энэ өдөр дарга нарыг сонсдог бус, байгаль хамгаалагч нараа сонсдог өдөр байгаасай хэмээн хүсэж байна” гэдгээ илэрхийллээ. “Бид байгаль хамгаалагчид Үндэсний чуулган”-д 21 аймаг, тусгай хамгаалалттай 121 газар, нийслэл, аймаг, дүүргийн Байгаль орчны газар болон байгаль орчны ТББ-ын нийт 1016 төлөөлөгч, байгаль хамгаалагч нар оролцож байна.
Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй нутагтаа байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай болон бусад салбарын 20 орчим хуулийн хэрэгжилтийг хангуулан мэргэжлийн хяналтын чиг үүргийн тодорхой хэсгийг хэрэгжүүлж буйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлон тэмдэглэв.
Байгаль хамгаалагчдын ажлын байрны эрсдэлийг бууруулах, ажил мэргэжлийн ахин дэвших боломж, гэр бүлийн амьжиргаа, хүүхдийн сурах нөхцлийг бүрдүүлэх, байгаль хамгаалагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн бусад салбар байгаль хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх хүртэлх бүхий л талыг хамруулсан “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж буйг тэрээр дуулгалаа. Тус хөгжлийн хөтөлбөрийг ХНХ-ын сайдтай хамтран батлан хэрэгжүүлэх саналыг тавьж байгаа гэв.
Байгаль хамгаалагчийн ангилал, зэрэглэл, нийгмийн баталгааг дээшлүүлэх үндэслэлийг боловсруулах зорилгоор ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нөхцөл байдал, хэрэгцээт байдлын судалгааг бүсчлэн хийж, сайжруулах хууль зүйн үндэслэл боловсруулах ажлыг нийгмийн зөвлөх баг Монголын байгаль хамгаалагчдын холбоотой хамтран хийж ажиллаж байгааг тодотгов.
Байгаль хамгаалагчид хариуцан хамгаалдаг нутгийнхаа газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцахдаа ажиглах, судлах, иргэдийн эерэг хандлагыг нэмэгдүүлэх, хуулийг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг бол одооноос тэдний үүрэг хөтөч буюу байгаль, соёл, түүхийн тайлбарлагч түүнчлэн ногоон хөгжлийг бий болгодог зан үйл, дадлыг сурталчлах шинэ үүрэг нэмэгдэж байна гэв.
БОАЖ-ын сайд цааш нь хэлэхдээ, "Одоо бид хүнээ бодох цаг болсон. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон хөгжлийн дадлыг бий болгох, хариуцлагатай аялал жуулчлалд анхан шатны тайлбар, чиглэлийг өгдөг, анхдагч экосистемийн тэнцвэрийг хангахад байгаль хамгаалагч бүрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, ажил мэргэжлээрээ бахархан түүчээлдэг байх нөхцөлийг бүхий л талаас бүрдүүлэхэд шаардлагатай шийдвэрийг гаргаж, зохион байгуулалтыг ханган ажиллах болно" гэв.