Олон улсын эрх зүйн сангийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ
2022.02.17

Олон улсын эрх зүйн сангийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ

ХЗДХЯ-ны хурлын танхимд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэг, АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн хөтөлбөр хариуцсан захирал Холли Хобарт, Олон улсын бодлого хариуцсан захирал Бен Полк, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Алексус Макнелли болон  бусад албаны хүмүүстэй  цахим уулзалт хийлээ.

ХЗДХЯамнаас Хууль зүйн туслалцааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсний дагуу  Хууль зүйн байнгын хорооны болон Чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ажиллаж, хууль зүйн туслалцаа үзүүлэх олон улсын туршлага, өмгөөллийн үйлчилгээний стандарттай танилцах зорилгоор тус уулзалтад оролцжээ.

Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн уялдааг сайжруулах замаар хүний эрх, эрх чөлөөг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй байгааг салбарын Сайд онцлон хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Олон улсын эрх зүйн сан /ILF/-ийн төлөөлөгчдөөс Олон улсад улсын өмгөөлөгчийн цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг зохицуулсан талаар асуулт асууж, олон улсын туршлагын талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Олон улсын эрх зүйн сан /ILF/-тай, улсын өмгөөлөгчийн чадавхийг бэхжүүлэх, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг дагаж гарах дүрэм, журмын төслийг боловсруулах чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа илэрхийллээ.