Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурал боллоо
Үндэсний хорооны гишүүд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалыг хэлэлцэж, баталлаа.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хурал хуралдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарах дүрэм журам, аргачлалууд, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажлын хэсэг байгуулах тухай, ХНТ-ийн 3 талт Үндэсний хорооны дэд даргын томилгоо зэрэг асуудлыг авч хэлэлцэв. Хурлын үйл ажиллагааг Хөдөлмөрийн Нийгмийн хамгааллын сайд, Үндэсний хорооны дарга А.Ариунзаяа удирдан явуулж, дэд даргад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг дэвшүүлж, баталлаа.
''Салбарын хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны дүрэм''-ийг нэгдүгээр, ''Аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны дүрэм''-ийг хоёрдугаар хавсралтаар баталж, дүрмийн дагуу салбарын болон аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороог байгуулж ажиллуулахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, эздийн байгууллагын удирдлагуудад зөвлөлөө. Дараах асуудал нь “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм”-ийг батлав. Эдгээр комиссууд байгуулагдаж ажилласнаар заавал шүүхэд хандахгүйгээр маргааныг шийдвэрлэх боломж нээгдэх юм.
“Цалин хөлс тогтоох аргачлал”, “Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх зарчмыг хэрэгжүүлэх аргачлал”, “Хөдөлмөрийн норм, норматив боловсруулах аргачлал”, Ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлалыг тус тус баталж, аж ахуйн нэгж байгууллагад таниулах, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллахыг холбогдох албад, талуудад үүрэг болголоо.
Хурлын төгсгөлд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар товч танилцуулгыг яамнаас хийж, тооцоолол хийх, санал боловсруулах ажлын хэсгийн гишүүдийг мэргэжлийн байгууллага, талуудаас хоёр хоёр хүний оролцоотой байгуулж ажиллуулахаар тогтож, 03 дугаар сарын 01-ний дотор танилцуулахаар тогтов.