40 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Улсын хошой аварга малчин” боллоо
Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн малчин Банзрагчийн Мулчийн гэр бүл “Улсын хошой аварга малчин” хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болж, цол тэмдгээ гардан авлаа.
Б.Мулч гуай удамж дамжсан малчин бөгөөд бага наснаасаа аав, ээжийгээ даган мал маллаж, малч ухаанд суралцсан бөгөөд үүний зэрэгцээ Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдэлд 26 жил жолоочоор ажиллаж, сум орныхоо хөгжлийн төлөө залуу насаа зориулж явжээ.
Харин түүний гэргий Т.Баярсайхан нь багш мэргэжилтэй, 28 жил Халиун сумынхаа сургуульд багшилж өдгөө ахмад багш, “Улсын хошой аварга малчин” хэмээх цолын эзэн болоод байна. Тэд: “Манайх гэр бүлээрээ буянт мал сүргээ өсгөх, үүлдэр угсааг нь сайжруулах ажилд тууштай зүтгэж, олон жилийн хөдөлмөрөө төр засгаараа өндрөөр үнэлүүлж “Улсын хошой аварга малчин” болсондоо маш их баяртай байна хэмээн баярын сэтгэгдлээ хуваалсан юм.
Б.Мулч гуйан гэр бүл мал маллах арга ухаан, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлж 2015 онд “Улсын аварга малчин” болж байсан бол өнөө жил тэд тасралтгүй 40 жил мал малласан амжилтаа ахиулан ийнхүү “Улсын хошой аварга малчин” боллоо.
Хошой аваргын шагналыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гардуулж, Та бүхэндээ урт насалж, удаан жаргалыг хүсье. Эрдэнэт мал сүрэг нь түм түмээрээ өсөх болтугай хэмээн ерөөлөө.