Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс цахимаар бүртгэлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ
Б.Сайхантуяа: Сумдын улсын бүртгэгчдийн тоног төхөөрөмж иж бүрнээрээ шинэчлэгдэж, бүх сумдууд онлайн сүлжээнд холбогдсоноор улсын бүртгэгчид үйл ажиллагаа явуулахад ямар ч саад бэрхшээл, хүндрэл байхгүй болсон.
Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь Иргэний улсын бүртгэлийн тасаг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасаг, Хуулийн этгээдийн улсын бүртгэл гэсэн бүтэцтэй 30 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэний улсын бүртгэлийн тасаг хуульд заасан 15 төрлийн бүртгэлийн үйлчилгээг Дундговь аймгийн нийт 46 мянга гаруй иргэнд хүргэн ажиллаж байна. Түүнчлэн иргэдэд цахимаар бүртгэлийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэн, шинээр цахим машиныг хэрэглээнд нэвтрүүлжээ.
2021 онд хийгдсэн томоохон ажлын нэг нь Иргэний бүртгэлийн мэдээллийн санд алдаатай шивэгдсэн, эцэг эхийн мэдээлэл дутуу орсон, бүртгэлийн дугаар дутуу гэх мэт зөрчилтэй зөрүүтэй мэдээллүүдэд судалгаа хийн тоон мэдээллийг гаргаж, энэхүү зөрчлийг арилгах тал дээр төлөвлөгөө боловсруулан ажиллажээ.