Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцлоо
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг танилцуулж, санал солилцох хэлэлцүүлэг өнөөдөр болж, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид, арилжааны банкнууд, барилгын компанийн төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцлоо. Энэхүү төслийг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх бөгөөд сэргээгдэх эрчим хүч ашигласан, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон 10 мянган айлын орон сууц бүхий эко хорооллыг барьж байгуулах юм. Төслийн танилцуулга уулзалтад Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар оролцсон юм.
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг 2022-2027 оны хооронд зургаан жилийн хугацаанд таван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын зургаан шинэ дэд төвд нийт 100 га талбайд барьж байгуулах орлогод нийцсэн, ногоон орон сууцны эко-хорооллын эхний үе шат Баянхошуу болон Сэлбэ дэд төвд хэрэгжинэ.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар хангах, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг багасгах, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дэд төвийн иргэдэд үзүүлэх нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Мөн төсөлд хамрагдах иргэдийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамруулж, дэд төвүүдэд ажлын байр олноороо бий болох зэрэг ач холбогдолтой.