Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг боллоо
Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх "ШААРДЛАГА" бодит үр дүнд хүрч тэтгэврийн доод хэмжээ 500.000 төгрөгт хүрлээ.
Өнгөрөгч долоо хоногт буюу 2022.01.18-нд МҮЭ-ийн холбоо, Ахмадын холбоотой хамтран Ахмадуудын тэтгэврийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. МҮЭ-ийн холбоо, Ахмадын холбооны хамтарсан тус санал шаардлагын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлэх шийдвэрийг 2022.01.28-нд гаргахаа мэдэгдлээ. Дээрх шийдвэр 2022 оны 02 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр ахмад настнуудын тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг, 500.000-аас дээш тэтгэврийг 15 хувь, халамжийн тэтгэврийн хэмжээ 100.000 төгрөгөөр тус тус нэмэгдэх юм .
Энэхүү шийдвэрийг албажуулах хүрээнд УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулган 2022.02.01-ний дотор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сар шинийн босгон дээр яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэнэ.
Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж ачааны хүндийг үүрч ирсэн ахмад настнуудын олон жил тавьж ирсэн санал шаардлага ийнхүү бодит биеллээ олж УИХ, Засгийн Газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасанд МҮЭ-ийн холбооноос гүн талархал илэрхийллээ.