2021.10.06

АМГТГ-аас шатахууны асуудлаар мэдэгдэл гаргалаа

Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензин хомсдох нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомсдол үүсэж, иргэдийг бухимдуулж байна.

Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн буй бөгөөд 9 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 11,704 тонн АИ-92 автобензин импортолсон. Мөн импортлогч компаниуд 10 дугаар сард ОХУ-аас нийт 54,880 тонн АИ-92 автобензин, БНХАУ-аас 12,700 тонн АИ-92, АИ-95 автобензин худалдан авах захиалга өгч баталгаажуулаад байгаа юм.

Захиалгын дагуу ОХУ, БНХАУ-аас импортолж буй АИ-92 автобензиний тээвэрлэлт, татан авалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу гүйцэтгэж, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулж буй. Тухайлбал, 10 дугаар 02-05-ны өдрүүдэд ОХУ-аас нийт 33 вагон 2,000 тонн АИ-92 автобензин ачигдсан бол 10 дугаар сарын 06 -10-ны өдрүүдэд ОХУ-аас 35 вагон, БНХАУ-аас 100 вагон нийт 5,000 тонн АИ-92 автобензин импортоор орж ирнэ. Цаашдаа манай улсын гол нийлүүлэгч ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засварын ажил дуусч, үйл ажиллагаа жигдэрснээр өдөр бүр 2,400 тонн АИ-92 автобензин импортолно.

10 дугаар сард нийт ОХУ, БНХАУ-аас 57,600 тонн АИ-92 автобензин импортлох буюу манай улсын ердийн хэрэглээний 45 хоногийн нөөц бүрдэх юм.

БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 автобензинийг төмөр замын хуваарьт оруулах, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй, шуурхай гүйцэтгэх, Сүхбаатар, Замын-Үүд боомтоор яаралтай татан авах асуудлаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайдын яамд, Улаанбаатар төмөр зам, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран, холбогдох арга хэмжээг авч, шуурхай ажиллаж байна.

Шатахууны импорт, хангамж хэвийн түвшинд хүрч, есдүгээр сард үүссэн АИ-92 автобензиний нөөцийн бууралтыг нөхөж, улмаар нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд шатахууны тасалдал, хомсдол үүсэх нөхцөл байдалд хүрээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.