2022.01.04

Ж.Бат-Эрдэнэ: 10 их наядын цогц төлөвлөгөө ААН-үүдээ хамгаалахад чухал дэмжлэг болсон

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.01.04/боллоо. Хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөөний бодлогыг Сангийн яам, Засгийн газар барьж байна уу, аль эсвэл Монголбанк уу?

ЖДҮ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр цаашид хэрэгжих үү, нэмэлт зээл олгох уу?

Залуусыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад 500 тэрбум төгрөг тавьсан байна. Үүнд ямар сургалтууд явсан бэ? Хүнд, хэцүү цагт сургалт явуулах хэр үр дүнтэй байсан юм бэ?

Хөдөө аж ахуйн зээлд 500 тэрбум төгрөг тавьсан. Энэ зээлийг хэн, хаана авсан нь тодорхойгүй байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн зээл ямар хүнд хүрч, үр ашгаа өгсөн талаарх тооцоо мэдээллийг өгнө үү?

Эл хөтөлбөр хүнд хэцүү байсан цаг үед аж ахуйн нэгжүүдээ хамгаалахад маш их дэмжлэг болсныг хэлэх нь зүйтэй. Зээлүүдийн эргэн төлөлтийн асуудалд хүндрэл үүсэх үү?

Түүний асуултад Монголбанкны төлөөлөл хариуллаа.