Үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар олгоно
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг ил тод, нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн “Онлайн бизнес төв” төслийг танилцууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны 42 байгууллага 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн хуулийн этгээдэд үзүүлж байгаа аж.
НМТГ-аас энэ онд багтаан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 55 нэр төрлийн үйлчилгээг цахимаар олгохоор төлөвлөж байна.
Тус үйл ажиллагааг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан удирдагч Рэнцэндагвын Дагва нээж, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга Отгонсүрэнгийн Чинзориг “ОНЛАЙН БИЗНЕС ТӨВ“ дэд төслийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цахимжуулах ажлын танилцуулга хийсэн бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд хамтран оролцлоо.
Ташрамд дурдахад энэхүү 55 үйлчилгээг цахимжуулах ажлын санхүүжилтийг The Asia Foundation Mongolia олгосон байна.