П.Нэргүй:
Төрийн үйлчилгээг “E-mongolia” системд нэвтрүүлснээр иргэд гар утсаараа үйлчилгээ авах боломжтой болсон
Монгол Улсын Засгийн газраас төрийн цахим үйлчилгээний E-Mongolia системийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч, иргэд, олон нийт уг системээр дамжуулан төрийн үйлчилгээг төвөггүй авч чаддаг болсон. E-mongolia системийн гол суурь болох иргэн, аж ахуйн мэдээллийг цахимжуулах ажлыг Улсын бүртгэлийн байгууллага олон жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн нь уг систем амжилттай хэрэгжих гол хүчин зүйл болсон. E-Mongolia систем болон УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын үйл ажиллагааны талаар тус газрын дарга П.Нэргүйтэй ярилцлаа.
-УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулна уу?
-Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хууль тогтоомжид заасны дагуу иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжүүлдэг байгууллага юм. Манай газрын хувьд Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого чиглэл, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлдэг бөгөөд цахим мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хариуцах, мэдээллийн сангийн уялдаа холбоог хангах үндсэн чиг үүрэгтэйгээр 2 хэлтэс 20 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
-Өнөөдөр төрийн үйлчилгээний E-mongolia систем хэдэн хувийн гүйцэтгэлтэй явж байна вэ? Хэрэв системийн гүйцэтгэл дутуу байгаа бол үүнийг төгөлдөржүүлэхэд хэр зэрэг хугацаа шаардах вэ?
-Улсын бүртгэлийн багц хууль 2018 онд батлагдаж, хэрэгжиж эхэлснээр бид бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим систем буюу burtgel.mn -ийг ажиллагаанд оруулж, 23 төрлийн лавлагаа, иргэний үнэмлэх дахин захиалах үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлсэн. 2020 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-г нэвтрүүлж, уг цахим системээр дамжуулан иргэд төрийн байгууллагуудын цахим үйлчилгээг нэг цонхноос авдаг болсон нь илүү хялбар, шуурхай, оновчтой шийдэл болсон бөгөөд манай байгууллагын хувьд дээр дурдсан burtgel.mn-ээр үзүүлж байсан бүх үйлчилгээгээ холбож, нэмэлтээр үндэсний энгийн гадаад паспортын захиалгыг мөн цахимаар авдаг болсон. Улсын бүртгэлийн байгууллага нь иргэний 827’481 хуулийн этгээдийн 18’856 эд хөрөнгийн 339’929 үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс иргэн заавал өөрийн биеэр ирж авах шаардлагатай үйлчилгээнүүд байдаг.
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн дэмжлэгтэйгээр бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа ба цахим хэлбэрээр үзүүлж болох зарим үйлчилгээг тусгайлан гаргаж нэг талт ба олон талт үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхээр төлөвлөн, зохион байгуулж байна. Бид цахимаар үзүүлж болох бүртгэлийн бүх үйлчилгээг E-mongolia системд холбохоор шат дараатай олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021 ондоо багтаан 130 гаруй бүртгэлийн үйлчилгээг оруулахаар ажиллаж байна.
-Иргэний, эд хөрөнгийн лавлагаа болон, хуулийн этгээдүүд улсын бүртгэлийн хэдэн төрлийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдсэн бэ?
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/-д Улсын бүртгэлийн ерөнхий газраас 26 төрлийн лавлагаа, Иргэний улсын бүртгэлийн 17 үйлчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 6 үйлчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 9 үйлчилгээг цахимаар үзүүлж байна. Е-mongolia.mn системээс иргэний цахим үнэмлэх дахин авах, үндэсний энгийн гадаад паспорт дахин авах, хуулийн этгээдийн оноосон нэр олгох, баталгаажуулах, хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах, цахим гэрчилгээ гэх зэрэг олон үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон.
Жишээлбэл, хуулийн этгээд шинээр байгуулъя гэж бодъё. Цахимаар оноосон нэрээ авч болно. Дараа нь цахимаар хуулийн этгээд байгуулахад шаардлагатай баримт бичгийг илгээнэ. Хэрэв тухайн хуулийн этгээдийн бүх баримт бичиг шаардлага хангасан тохиолдолд цахимаар данс нээж, цахим гэрчилгээ олгож байгаа нь тухайн иргэн хуулийн этгээд байгуулах гэж улсын бүртгэлийн байгууллагат заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй болсон гэсэн үг.
-Бүртгэлийн үйлчилгээ цахимд шилжсэнээр нэг ажилтанд ирэх ачаалал хэд дахин буурч байна гэсэн тооцоо, судалгаа байгаа юу? Үүнтэй холбогдуулан хүний нөөцийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Төрийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр иргэдийн эдийн засаг болон цаг хугацааг хэмнэх давуу талуудтай. Дээр дурдсан нэг талт, олон талт үйлчилгээ гэж ангилсан нь ямар ялгаатай вэ гэхээр нэг талт гэдэг нь иргэн хүсэлтээ илгээлээ шууд системээс хариугаа авдаг үйлчилгээ гэсэн үг. Жишээлбэл, оршин суугаа хаягийн лавлагаа гэдэг ч юм уу. Харин олон талт үйлчилгээ нь иргэн цахимаар тухайн үйлчилгээнд шаардлагатай эх нотлох баримтыг хүсэлтийн хамт бүртгэлийн байгууллагад заавал илгээнэ.
Үүний дараагаар бүртгэлийн ажилтан баримт бичигтэй танилцаж, нягтлан шалгаад үйлчилгээ үзүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлээд хариу илгээнэ. Энэ нь тухайн үйлчилгээний процессоос хамааран харилцан адилгүй байдаг. Иймээс яг бүртгэлийн байгууллагын нэг ажилтанд ирэх ачаалал гэвэл тодорхой хэмжээгээр буурч байгаа хэдий ч энэ нь зөвхөн нэг талт үйлчилгээнд хамааралтай гэж ойлгож болно. Харин олон талт үйлчилгээ гэвэл бүртгэлийн албан хаагчдад ачаалал багасах биш харин эсрэгээрээ нэмэгдэж байгаа юм. Яагаад гэхээр бүртгэгч цахимаар материал хүлээн авч байгаа хэдий ч бүртгэл хуулийн дагуу яаж хийгдэх ёстой тэр бүх дүрэм журмыг баримтлан бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.
-Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан, програм хангамж, сүлжээ, тоног төхөөрөмж ямар шаардлагыг хангах ёстой байдаг вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 395-р тогтоолоор Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн систем, техник технологи, программ хангамжийн ерөнхий шаардлагыг баталсан байдаг. Энэ шаардлагад мэдээллийн сан нь ямар систем, технологи ашиглах, нөөцлөлтийг хэрхэн хийх, программ хангамжийн хувьд эх кодыг яах ёстой, аюулгүй байдлыг яаж хангах зэрэг шаардлагуудыг оруулж өгсөн байдаг. Мөн сүлжээ, техник тоног төхөөрөмжид тавигдах ерөнхий шаардлагуудыг ч мөн тусгасан байдаг.
-Улсын бүртгэлийн байгууллагын программ зохиогч, инженерүүдэд арга зүйн зөвлөгөөг ямар давтамжаар хүргэж байна вэ?
-Мэдээллийн технологийн газрын нийт албан хаагчдыг өөрсдийн чиглэлийн дагуу мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах дотоод, гадаадын сургалтуудад жил бүр хамруулахаар сургалтын төлөвлөгөө боловсруулж, батлуулдаг. Тус төлөвлөгөөний дагуу нийт албан хаагчдыг сургалтуудад хамруулан ажилладаг.
Өнгөрсөн цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан гадаад улсад болох мэргэжлийн сургалтууд хойшлогдоод байгаа. Бүгд найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-аас хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд сүлжээний тоног төхөөрөмж, өгөгдлийн сангийн удирдлага гэх мэтчилэн дотоодын сургалтууд зохион байгуулагдаж, манай газрын нийт албан хаагчид хамрагдаж байна.
-Тоног, төхөөрөмжийн санхүүжилтийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэж байна уу?
Бүртгэлийн байгууллага үе шаттайгаар программ болон техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг үргэлж хийж ирсэн. Бүгд найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-гийн дэмжлэгээр бүртгэлийн байгууллагын дэд бүтцийг хөгжүүлэх замаар төрийн үйлчилгээг дэмжих төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төслийн хүрээнд бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сан, программ хангамж байршиж буй тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж өгөгдлийн сангийн удирдлагын программ хангамжийг бүрэн нэвтрүүлсэн. Мөн анхан шатны нэгжүүдийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн. Мөн Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын анхан шатны нэгжүүд болох аймаг, нийслэл, сум, хороодыг бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон. Ингэснээр бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх боломж бүрдсэн.
-Мэдээллийн сан, программ хангамжийг цаашид сайжруулахын тулд төлөвлөсөн ажил бий юу?
-Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй Алсын хараа 2050 хөтөлбөр, Нэг иргэн-нэг бүртгэл хөтөлбөрийн хүрээнд цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажил хурдацтай хийгдэж байна. Одоо бид цахим орчинд тухай иргэнийг таньж баталгаажуулахад ҮДТ-өөс нэвтрүүлсэн ДАН танилт нэвтрэлтийн системийг ашиглаж байна. Цахим орчинд эрх зүйн харилцаа үүсэж байгаа учраас тухай иргэнийг таньж баталгаажуулахад тоон гарын үсгийг хэрэглэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
-Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол улсын иргэнд тоон гарын үсэг олгохоор тусгагдсан. Манай байгууллагын зүгээс хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын насанд хүрсэн бүх иргэнд тоон гарын үсгийг нэг удаа үнэгүй олгох, иргэний цахим үнэмлэхийн санах ойд бичихээр технологийн шийдлийг боловсруулан ажиллаж байгаа.
-Иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг авахад техник, тоног төхөөрөмж хэр зэрэг хүрэлцээтэй байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/ нэвтэрснээс хойш иргэд компьютер, гар утаснаасаа төрийн үйлчилгээг цахимаар авч байна. Техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ гэхээс илүү төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй байх нөхцлийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бүртгэлийн байгууллага өөрсдийн цахим үйлчилгээний машиныг хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Ингэснээр иргэд Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /e-mongolia.mn/, ТҮЦ машин бүртгэлийн үйлчилгээний цахим машин гэх мэтчилэн үйлчилгээ авах олон сонголтууд нээгдэж байна.
-Иргэд энэ үйлчилгээг хэр зэрэг авч чадаж байгаа вэ? Судалгаа бий юу?
-Өнөөдрийн байдлаар цахим хэлбэрээр үйлчилгээ авахаар бүртгэлийн байгууллагад 1’186’266 хүсэлт ирсэн. Үүнээс нэг талт үйлчилгээ 1’163’070 бүгд амжилттай хийгдсэн. Харин олон талт үйлчилгээний хүсэлт 23’196 амжилттай хийгдсэн. Одоо үүнээс харахад иргэдийн цахим боловсролын түвшин жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс дээрх амжилтгүй болсон үйлчилгээний хүсэлтүүд улам чанаржина гэдэгт итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.