УИХ-ын гишүүн Ч.Ундрам ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын Удирдах товчооны гишүүнээр сонгогджээ
Олон улсын Парламентын холбооны /ОУПХ/ Эмэгтэй парламентчдын форумын Эмэгтэй парламентчдын Удирдах товчооны гишүүнээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам сонгогджээ.
ОУПХ-ны 143 дугаар чуулган Испанийн Вант улсын Мадрид хотноо болж байгаа бөгөөд чуулганд цахимаар санал хураасан байна. Ийнхүү ОУПХ-нд Монгол Улсын парламент дахин нэг төлөөлөлтэй боллоо. Манай улсын парламентаас ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Учрал, Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар ажилладаг юм.
Ази-Номхон далайн геополитикийн бүлэгт 36 гишүүн орон байдаг бөгөөд дээрх товчоо нэг гишүүнийг томилох квоттой байсан. Ч.Ундрам гишүүний нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажил, хэрэгжүүлж буй төсөл, санаачилсан хуулийг нь Ази-Номхон далайн геополитикийн бүлгийн гишүүн орны төлөөлөл судлаад тэгш боломж олгох, жендерийн асуудалд анхаарал хандуулдаг, боловсролын реформ хийх ажилд идэвхи санаачилгатай ажиллаж байгаа хэмээн үзжээ. ОУПХ-ны Байнгын хороо, Удирдах зөвлөлийн гишүүн болсоноор эх орноо болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, хууль эрх зүйн орчныг сайжруулах боломжийг хангах, харилцан туршлага судлах гэх мэт маш олон давуу тал үүсдэг аж.