Х.Амгаланбаатар: Ажлаа үр дүнтэй гүйцэтгэж байхад бидний цалин, ажлын байраар оролдох эрх хэнд ч байхгүй
2021.11.24

Х.Амгаланбаатар: Ажлаа үр дүнтэй гүйцэтгэж байхад бидний цалин, ажлын байраар оролдох эрх хэнд ч байхгүй

Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, цэцэрлэгийн багш, эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цэцэрлэгийн асуудлаар МҮЭХ-нд санал гомдол их ирдэг. СӨБ-ын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороотой хамтран мэдээлэл хийж байна. Ажлын байрны баталгааны асуудал онцгойлон анхаарлаа хандуулах шаардлагатай юм.

Есдүгээр сарын 02-нд гарсан тогтоолд "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны заалтыг үндэслэн албан тушаалын ангилал зэрэглэлийг боловсронгуй болгох, цалингийн тогтолцоог шинэчлэх санал боловсруулах ажлын хэсгийг байгуулах" хэмээн заасан. Энэхүү ажлын хэсэг ажиллаад хоёр сар болж байгаа ба өнөөдрийн асуудал шийдвэр болж гараагүй. Төрийн албаны зөвлөлөөс тодруулсан ба эцэслэн шийдвэр гаргаагүй учир урьдчилж мэдээлэл өгөх боломжгүй гэх хариу өгсөн. 

Алдагдлыг нөхөх зүйл нь цалин хөлс биш, бид ажлаа хэвийн хэмжээнд үр дүнтэй гүйцэтгээд хөдөлмөрлөж байхад бидний цалин, ажлын байраар оролдох эрх хэнд ч байхгүй.

Тиймээс цаашдаа энэ ажлын хэсэг ямар судалгаа хийж төрийн албаны зөвлөлд танилцуулах вэ гэдгийг анхааралтай ажиглана. Засаг захиргаа нэгжийн тухай хуулийн хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн байгууллагуудын барилга, засвар үйлчилгээний санхүүжилтийг Засаг дарга шийдвэрлэнэ гэх хуулийн шинэ заалт бий болсон ба үүнд хүний нөөцтэй холбоотой урсгал зардал онцолж дурдагдаагүй.

Тиймээс энэ асуудал нь Улаанбаатар, зарим дүүргийн хэмжээнд гомдол дагуулж байгаа учраас сургууль цэцэрлэгийн хүний нөөц, ажлын байр яригдаж эхэлсэн гэдэг яриаг СӨБ-ын үйлдвэрчний эвлэлээс бидэнд мэдэгдсэн. Үүнийг холбогдох байгууллага, Нийслэл, дүүргийн засаг дарга, албан тушаалтнаас тодруулна. Одоогоор яг Засгийн газрын шийдвэр болж гараагүй ба 2024 он хүртэл судалгааны ажил явагдах байгаа буюу зарим салбарыг аажмаар энэ чиглэлд оруулах үйл явц явагдаж байгаа гэсэн үг.

Хэрэв цаашид үүнийг нухацтай авч үзэхгүй бол ямар сөрөг нөлөө гарч болохыг бид тооцоолох ёстой.

МҮЭХ-ны үүрэг бол төрийн үйлчилгээг үзүүлж байгаа олон мянган албан хаагчийн ажлын байрны баталгааг хангахад чиглэнэ. Төр, хувийн хэвшил нийлж болохгүй. Ялангуяа төрийн үйлчилгээ нь хувийн хэвшлээр дамжиж болохгүй. СӨБ-ын байгууллага нь олон мянган хүүхдийн эрх ашгийн асуудал. Тиймээс ҮЭ-ийн СӨБ-ын салбарт онцгой анхаарч ажиллана.

МҮЭХ-ны Үндэсний хороо хуралдсан ба Засгийн газрын төсвийг хяналтын горимд оруулах, цалин хөлс нэмэгдүүлэхгүй байх тогтоолыг хасах хэрэгтэй гэсэн саналыг ХНХ-ын сайд А.Ариунзаяад танилцуулж Үндэсний хорооны шийдвэрт тусгуулсан. Тиймээс улсын гурван талт хэлэлцээр, холбогдох хуулийн хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Энэ асуудалд та бүхэн СӨБ-ын үйлдвэрчний хороонд үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байна.

Хэрэв зарим байгууллага, төсөв хэмнэх зорилгоор ажилтнуудын ажлын байраар оролдож, урсгал зардалд багагүй хувийг эзэлдэг цалинг оролдох гэж байгаа бол бид хатуу шаардлага тавих ёстой. Алдагдлыг нөхөх зүйл нь цалин хөлс биш, бид ажлаа хэвийн хэмжээнд үр дүнтэй гүйцэтгээд хөдөлмөрлөж байхад бидний цалин, ажлын байраар оролдох эрх хэнд ч байхгүй" гэсэн юм.