Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга танилцуулах сургалт Ховд аймагт боллоо
2021.11.22

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга танилцуулах сургалт Ховд аймагт боллоо

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга танилцуулах сургалтыг МҮЭХ-ноос Ховд аймагт /2021.11.22/-нд зохион байгууллаа.

Сургалтад Ховд аймгийн ЗДТГ-ын орлогч Т.Дэлгэрсайхан, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга Ц.Ариунжаргал, Ажил Олгогч Эздийн Холбоог төлөөлж Д.Бямбасүрэн, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний ахлах шинжээч Ш.Маяа нар оролцсон бөгөөд 30 гаруй хүн хамрагджээ.

Сургалтыг нээж, Ховд аймгийн ЗДТГ-ын орлогч Т.Дэлгэрсайхан “Ховд аймаг ҮЭ-ийн холбоотой хамтын хэлэлцээр байгуулан амжилттай ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдаж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх гэж байна.  Тус хууль батлагдаж буйтай холбогдуулан орон нутагт түншлэлийн хүрээнд сургагч багш нар бэлтгэх, Ховд аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч эздийн холбоотой хамтран хуулийн шинэчилсэн найруулгын талаар иргэдэд мэдээлэл өгөх, сурталчлан таниулах болно” хэмээв.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Монгол орны баруун хязгаар Ховд хотод ээлжит сургалтаа зохион байгуулсандаа баяртай байна. Монгол Улсын үндсэн хуулийн дараа орох та бүхний өдөр тутмын ажил амьдралыг зохицуулж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг батлуулсан. Өнгөрсөн хугацаанд энэхүү хууль тогтоомжийг олон улсын гэрээ конвенц, нийгмийнхээ хөгжилтэй нийцүүлэн өөрчилж ирсэн. Дэлхий нийт хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудалд өндөр ач холбогдол өгч, багагүй тэмцэл маргаан дагуулсны үндсэн дээр хөдөлмөрийн хуулиа шинэчилдэг. 

 Манай улсын хувьд есөн жил гаруй хугацаанд олон улсын гэрээ конвенц, зах зээлийн хөгжилтэй уялдуулан өөрчилж ирсэн. Нийгмийн түншлэлийн гурван талаараа санал нэгдэж, хуулиа хамтран боловсруулж, УИХ-д өргөн барьж батлуулсан. Өөрөөр хэлбэл энэ хөдөлмөрийн хуулийн аливаа нэг бүтцийг алдагдуулахын бол нийгэм эдийн засагт эерэг болон сөрөг талтай. XXI зуунд хүн төрөлхтөн, хүн төвтэй нийгэм байгуулах санаачлагыг НҮБ-аас гаргаж Тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөр-2030 хөтөлбөрийг баталсан. Улс орнууд ч нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилт дэвшүүлээд байна. Тэгэхээр НҮБ-ийн гишүүн байгууллагын хувьд үүнийг дагаж, өөрийнхөө хууль тогтоомж бодлого хөтөлбөртөө тусгах үүрэг хүлээсэн” гэлээ.

Үргэлжлүүлэн МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон зохицуулалтууд болон хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим, үндсэн эрх, Нийгмийн даатгалын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, МҮЭ-ийн холбооноос явуулж буй үйл ажиллагаа”, “Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан зохицуулалт, хөдөлмөрийн удирдлага, хяналт” сэдвээр,  ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн ахлах шинжээч Ш.Маяа, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, Хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлт” сэдвээр, МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын хуулийн мэргэжилтэн М.Саранцацрал, “Ажил амралтын цаг, цалин хөлс, Хөдөлмөрийн дотоод журам сахилга хариуцлага” чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Сургалтын дараа МҮЭХ-ны дэд дарга С.Эрдэнэбат Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга н.Билэгдэмбэрэл нартай уулзаж аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, нийгмийн түншлэлийн талаар санал солилцлоо.

 Ховд аймгийн засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн дарга Б.Дүгэржав хэлэхдээ “Ховд аймагт ажилгүйдэл найман хувьтай байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийн хэрэгжилт 11 сарын байдлаар 80 гаруй хувьтай явж байна. Цeмент, тоосгоны шинэ үйлдвэрүүдэд ажиллах хүч дутагдалтай. Ховд аймаг нүүрсний орлогоос тонн тутамд нэг ам.долларыг орон нутгийн санд төвлөрүүлж, алсдаа хил ойролцоо бүс нутгийн зах зээлд бараа үйлчилгээ нийлүүлэх бодлого төлөвлөж байна” гэжээ.