2021.11.17

Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлтэй гэр хороолол” өргөжиж байна

Сонгинохайрхан дүүрэг 43-н хороотой 330 орчим мянган хүн амтай нийслэлийн хамгийн том газар нутагтай дүүрэг. Хорь гаруй жилийн түүхтэй тус дүүргийн Засаг даргаар Н.Алтаншагай өнгөрсөн жилийн аравдугаар сард томилогдон очиж байсан билээ.

Тэрээр тухайн үед  “Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдран суудаг том дүүрэг, томоохон Засаг захиргааны нэгжийг удирдах өндөр хариуцлагатай ажилд хууль журмыг баримтлан, дүүргийнхээ болон иргэдийнхээ өмнө тулгамдсан олон асуудлыг хурдтай, эрчтэй шийдвэрлэн ажиллахаа илэрхийлж байсан. 

Түүний хувьд Засаг даргаар томилогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд дүүргийнхээ иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал болон дүүргийнхээ бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй явуулахад анхаарч ажиллаж байгаа төдийгүй дүүрэгтээ өрнөж буй мэдээ мэдээллийг өөрийн болон дүүргийнхээ цахим хуудсаар шуурхай, нээлттэйгээр иргэддээ хүргэж ажиллаж байна.

СХД-ийн хувьд хүн ам ихтэй, гэмт хэрэг, зөрчлийн тоо нийслэлийн дүүргүүд дотроо тэргүүлэх хандлагатай байдаг. Тэр дундаа гэрэлтүүлэггүй гудамжинд гарч байгаа хэрэг зөрчлийн тоо сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа нь анхаарал татаж байгаа том асуудлын нэг.

Тийм ч учраас тус дүүргийн Засаг дарга орон нутгаа бүтэн гэрэлтүүлэгтэй болгох зорилтыг дэвшүүлэн 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажлыг тусган ажиллаж байгаа нь тус хороонд тулгарч байгаа нэг асуудлыг шийдэх гарц болж байгаа гэж хэлж болно.

Тус ажлын хүрээнд: 

  • 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, 
  • Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл, 
  • Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх, 
  • 14-р хорооны Залуус гудамж, 15-р хорооны Барилгачин гудамж, 17-р хорооны 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэл нийт 621 гэрэлтүүлгийн шон суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Одоогийн байдлаар 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж дуусжээ.

Нэмэлт гэрэлтүүлгийн шон угсралтын ажил бүрэн дууссанаар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж нийт иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангах юм. Мөн дүүргийн хэмжээнд энэ жил 6800 гэрлийг гэр хорооллын гудамжнуудад суурилуулж байгаа бөгөөд ажлын явц өнөөдрийн байдлаар 50 гаруй хувьтай үргэлжилж байгаа нь бас нэгэн сайн мэдээ юм. 

Тус дүүргийн нутаг дэвсгэр нийт 13200 ширхэг гэрэлтүүлэгтэй.  Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын дэмжлэгээр 6800, Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1500 ширхэг гэрэлтүүлгийг энэ онд бүрэн суурилуулах ажил үргэлжилж байна. Энэхүү ажил бүрэн хэрэгжиж дууссанаар дүүргийн гэр хорооллын бүсийн 90 гаруй хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох боломж бүрдэнэ. 

Австри улсад үйлдвэрлэгдсэн гэрэлтүүлгийн шонгууд нь тусгайлан Монгол Улсад зориулагдсан бөгөөд гэрэлтүүлгүүд нь эрчим хүчний хэмнэлттэй, илүү тод, зуун мянган  цагийн ашиглах хугацаатай, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зэврэлт, доргилтод тэсвэртэй дээд зэргийн хайлшаар хийгдсэн юм.

Ийнхүү Сонгинохайрхан дүүрэгт “ГЭРЭЛТҮҮЛГИЙН” ажил амжилттай хийгдэж байгаа шиг бусад бүтээн байгуулалтын ажлууд ч сайн хийгдэж, оршин суугчдын аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл сайжирч, гэрэлтэй гудамжаар иргэд амар тайван алхаж байна. 

Түүнчлэн Сонгинохайрханчууд 2021 оныг “ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ НОГООН ДҮҮРЭГ”  хэмээн тодорхойлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн бодлогоороо хог хаягдлыг багасгаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагааны хөтөлбөртөө хүн рүүгээ чиглэсэн “ЗӨВ СОНГИНОХАЙРХАНЧУУД” байхын төлөөх ажлуудыг тусган ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn