Хөлс хүч, сэтгэл шингэсэн 10 сая төгрөг юм юмтай болголоо
2009.08.19

Хөлс хүч, сэтгэл шингэсэн 10 сая төгрөг юм юмтай болголоо

Арван сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Үүнийг цуглуулна гэдэг амаргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүнд бол бүр ч хэцүү. Эдүгээ эрүүл саруул бие бялдар, оюун ухаантай, их дээд сургууль төгсчихсөн залуус ажил хийж мөнгө хураах нь байтугай, аав ээж ах дүүгээсээ унааны мөнгө царай алдаад явж байгаа нь ч олон бий.

Гэтэл С.Зориг гэдэг хоёр хөлгүй, энэ хүн дээрх мөнгийг цуглуулчихаад байртай болох гээд хөөцөлдөж явжээ. Түүний хүсэл биелж өнгөрсөн баасан гаригт Налайх дүүргийн тавдугаар хороонд гурван өрөө байртай боллоо. Түүнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тусалжээ. С.Зориг гуай урьд нь Барилгын салбар хариуцсан хэд хэдэн сайдыг зорьж, өргөдөл хүсэлт бариж орж байсан гэнэ. Харамсалтай нь, тэд боломжгүй ээ гэж л хариулдаг байсан тухай тэрээр ярьсан юм.

С.Зориг: Хүүхдүүдээ хоолтой хоолгүй явуулж байж энэ мөнгийг цуглуулсан

Түүнийг ЗТБХБ-ын сайдаас байрны түлхүүрээ гардаж авах үед нь уулзаж хэдэн хором ярилцлаа.

-Сайхан орон сууцтай боллоо, баяр хүргэе? 

-Манайх Улаанбаатарт цахилгааны шийтний өрөөнд амьдарч байлаа. Амь насаараа дэнчин тавиад юу хийх вэ гэж бодоод тэндээс гарсан. Сая хөлсний байранд амьдарч байгаад сайдад өргөдөл гаргасан юм. Урьд нь ажиллаж байсан барилгын сайдуудад өргөдөл гаргаж байлаа. Надад туслах боломж үнэхээр байхгүй гэж хэлсэн. Энэ удаа дахин өргөдөл гаргаад орон сууцтай боллоо. Х.Баттулга сайдад үнэхээр баярлаж байна. Надад, миний хүүхдүүдэд маш том хөрөнгө оруулалт боллоо.

-Та орон сууцтай болох гэсэн юм гээд хоосон ороогүй. Надад 10 сая төгрөг байна. Үүн дээр нэмээд туслаач гэж хүссэнийг чинь сонссон. Арван сая төгрөг яаж цуглуулав?

-Тоглолт хийдэг байсан. Тэр үед хүмүүс дэмждэг байлаа. Сүүлийн гурван жил тоглолт хийгээгүй ээ. Хүүхдүүдээ хоолтой, хоолгүй, хичээлийн хэрэглэлтэй, хэрэглэлгүй явуулж байж л цуглуулсан даа. Тоглолтоос олсон орлого хуримтлуулсан. Сүүлийн хэдэн жил ажлын бээлий оёлоо.

-Арван сая төгрөг хэдэн жил цуглуулсан бэ?

-Арав гаруй жил цуглуулсан.

-Хийсэн бээлийгээ яаж борлуулж байна. Өдөрт хэдэн бээлий оёдог вэ?

-Гэрээ хийчихдэг юм. Өдөртөө 20 орчим бээлий оёдог.

Хоёр дээд сургууль төгссөн дуучин, бас жолооч

С.Зоригийн гэр бүл байртай болоод зогсохгүй хөл дүүжлэх унаа аваад, шинэ байраа тохижуулчих мөнгөтэй үлдэв. Учир нь, түүний цуглуулсан арван сая төгрөгийг байрны үнэд нь оруулж Х.Баттулга сайд авсангүй. Хот руу орохдоо унана биз, машин аваарай, тэгээд үлдсэнээр нь тавилга авна биз гэж хэлсэн юм.

С.Зориг гуай гэргийтэйгээ цэцэрлэгт байхдаа танилцсан гэнэ. Бас болоогүй ээ, хоёр ч дээд сургууль дүүргэсэн дуурийн дуулаач гэж байгаа. Сургуулийн төлбөрийнх нь нэлээд хэсгийг төрөөс даадаг ч, үлдсэнийг нь бид хоёр аргалаад олчихдог байсан гэж гэргий нь хуучлав. С.Зориг гуай бүх л амьдралд нь түшиг болж яваа ханийнхаа ачийг байртай болсон энэ өдрөөс хариулж байгаа нь энэ хэмээн их л догдлон хэлж байна билээ.

Хоёо хөлгүй, тэргэн дээр түрүүлээд явж байгаа энэ хүнийг жолооны курс төгссөн гэж танилуудынх нь нэг ярив. Чухам яаж жолоо байрьж, хааз, тооромс гишгэдэг юм бол доо гэж жаахан гайхлаа. Гэхдээ энэ хүнд сэтгэлийн тэнхээ, тэвчээр, амьдралын зорилго гэдэг асар том юм байгаад нь их бахархлаа. Эднийх таван хүүхэдтэй хамгийн бага хоёр нь ихэр гэнэ. Том хүүхэд нь энэ жил дунд сургууль төгсөх юм билээ.

Зуны амралт нь эхлэхээр хүүхдүүдээ хөдөө явуулчихсан, байр оронгүй болохоор Улаанбаатар авч байх хэцүү байлаа гэж гэргий нь ярих дуулдсан. Баасан гаригийн орой хөдөө байгаа хүүхдүүд рүүгээ ээж нь хэчнээн баяртай утасдаж, байртай болсноо дуулгаж байгаа бол гэж бодогдсоор сурвалжлагаас буцлаа. Нэг ч гэсэн айл ингээд элэг бүтэн энх тунх амьдрах тохьтой дулаан байртай боллоо.

“Гордок” балгасын хотхон байхаа больжээ

Налайхаас зүүн тийш байдаг хэдэн саарал байшинг “Гордок” гэж бид нэрлээд сурчихсан. Тэнд орос цэргүүдийн амьдарч байсан орон сууцны хэдэн саарал байшинг тонож, шил цонхыг нь хагалж, нураагаад балгас болгочихсон байсан цаг саяхан.
Харин тэдгээр байшинг барилга угсралтын “Химон” констракшн-ынхан худалдаж аваад нэг тэрбум орчим төгрөгөөр засч сэлбээд, орон сууцны барилга төрхөнд нь оруулж, улсын комисст эхнээс нь хүлээлгэж өгчөө. Нийслэлээс жаахан зайтай ч эрүүл агаартай энэ орчинд шинэ байр авах хүсэлтэй хүмүүст дуулгахад байрны үнэ нь харьцангуй гайгүй юм. Нэг өрөө байр 25 сая, хоёр өрөө нь 30 сая, гурван өрөө нь 35 сая төгрөг гэнэ. Эхний байр ашиглалтад ороод хоёр ч орцны байраа борлуулаад дуусч байгаа талаараа “Химон” компанийн удирдлагууд ярьж байна билээ. Тэдний шинэхэн бүтээл, гурван өрөө байр нь С.Зоригийнх болсон юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.