2025.02.19
Д.Энхтуяа: Япон улсын асаргааны салбарт манай улсын 93 хүн албан ёсоор ажилладаг
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад чиглэсэн асрахуй, сувилахуй, асрамжийн үйл ажиллагаанд илүү анхаарч ажиллаж байгаа. Тэрээр асрахуй сувилахуйн үйлчилгээг дан ганц ахмадын асрамжийн газар гэж хязгаарлаж болохгүй, өвчтэй, асрамжид буй хүмүүсийн сувилахуйн шинэ реформ гэж үзэж, үүний төлөө ажиллаж байгаа. Гишүүний хувьд энэ чиглэлээр туршлага судлахаар Япон улсад ажиллаж, Шизүока мужийн ахмадын асаргааны газрын үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалттай танилцжээ.
Японд ахмад настны нөхцөл байдлыг долоон түвшинд үнэлж, түвшин түвшинд нь зохих шатны асаргааны үйлчилгээнд хамруулдаг байна. Ингэхдээ хөдөлмөрийн насан дээрээ өндөр НДШ төлдөг байсан ахмадууд асаргааны даатгалаас 90%, өөрөөсөө 10% төлдөг. Харин ажил хийж байхдаа бага НДШ төлдөг байсан бол 70% даатгалаас, өөрөөсөө 30% төлбөр төлдөг тогтолцоотой. Улсын асрамжийн газарт өндөр настангуудыг авахдаа зөвхөн энэ асрамжийн газарт байх шаардлагатай гэсэн үнэлгээг авсан ахмадууд очдог байна.
Япон улсын хувийн болон улсын асаргааны газрууд хүндээ ээлтэй, маш сайн зохион байгуулалттай ажиллаж байгаа бөгөөд энд ажиллаж буй хүмүүсийн цалин тийм өндөр биш. Гэхдээ ийм газар ажиллаж буй хүмүүс нэмэлт төлбөр, мөнгө нэхэлгүй чин сэтгэлээ зориулан, бусдад хайр түгээж, хүндлэлтэй ажилладаг. Энэ хэрээр, тус салбарын хөгжил илүү сайн өсөлттэй байгаа гэнэ. Харин асаргааны салбарт гадаадаас ажиллах хүчний нэмэгдэл авах маш өндөр сонирхолтой байдаг бөгөөд Монголоос Япон улсад энэ салбарт 93 хүн албан ёсоор ажиллаж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn