​Д.Бат-Эрдэнэ: Тавдугаар сарын 24-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг нийтэд мэдээлж, үнэмлэх олгоно
2021.06.01

​Д.Бат-Эрдэнэ: Тавдугаар сарын 24-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг нийтэд мэдээлж, үнэмлэх олгоно

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 9-нд товлосон. Бэлтгэл ажил ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-аас товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосонтой холбоотойгоор сонгуулийн бэлтгэл ажил холбогдох хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу зохион байгуулагдаж байна. Яг энэ цаг үед хэсэг байгуулах ажил бүх сум, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр гаргах түвшинд үргэлжилж байна. СЕХ-ноос аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн ИТХ болон Хурлын нарийн бичгийн дарга нарт сонгуулийн хэсэг байгуулахтай холбоотой зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн, мөн зарим аймаг, сумтай шууд холбогдож арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Хэсэг байгуулна гэдэг нь сонгууль зохион байгуулах анхан шатны нэгж буюу хэсгийн нутаг дэвсгэрийн хэмжээг тогтоох үйл ажиллагаа юм. Үүний дараа хэсгийн мэдээллийг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар үйлддэг.

СЕХ-ны хувьд гуравдугаар сард сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох, бүх шатны сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулна. Энэ сургалтад төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид хамрагдах юм. Сургалтад хамрагдаж гэрчилгээ авснаар бүх шатны сонгуулийн хороодод ажиллах эрх нь үүсдэг. Ийм шат дараатайгаар сонгуулийн бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна.       

-Хуульд зааснаар нам, эвслүүд нэр дэвшигчдээ хэзээ тодруулж, баримт бичгийг нь СЕХ-нд хэзээ хүргүүлэх вэ?

-Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах тухай цаг хугацааны хуваарийг баталсан. Нам, эвслүүд энэ хуваарь болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа санал авах өдрөөс 40 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр эхлүүлж тавдугаар сарын 2-ны өдрийг дуустал буюу гурав хоногийн хугацаанд дуусгах юм. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвслүүд гурав хоногийн дотор нэр дэвшигчийнхээ баримт бичгийг СЕХ-нд ирүүлнэ. Энэ нь цаг хугацааны хувьд тавдугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд таарч байна. СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээж авснаас хойш мөн гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 8-ны өдрийн дотор нэр дэвшигчийг бүртгэх, эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Ингээд тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчдийг нийтэд мэдээлж үнэмлэх олгоно. Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэнэ.      

-Гадаадад байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өгнө. Гадаадад байгаа иргэд санал хураалтад хэр идэвхтэй оролцдог вэ. Ер нь ирц хэр байдаг вэ? 

-Гадаадын улс оронд ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ саналыг тавдугаар дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд авахаар Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэсэн. Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тавдугаар сарын 9-нийг дуустал 20 хоногийн хугацаанд өөрийн байгаа улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадаас 7209 сонгогч нэрийн жагсаалтад бүртгүүлснээс 4767 сонгогч саналаа өгсөн байдаг. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд гадаад улсад байгаа иргэдээс сонгуульд идэвхитэй оролцуулах ялангуяа сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлэх энэ бүртгэлийн үйл ажиллагааг хялбаршуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Гэдээд улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулж, тухайн улсад ажиллах салбар комиссуудыг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Төв комиссыг Гадаад харилцааны яамны саналыг үндэслэн байгуулан ажиллуулж байна.

-Энэ удаагийн сонгуулиар иргэдийн ирц, идэвхийг нэмэгдүүлэх тал дээр СЕХ ямар арга хэмжээ авч байна вэ?  

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль эрх зүйн шинэ орчинд явагдаж байгаагаас гадна УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт явагдах нөхөн сонгууль зэрэгцэн зохион байгуулагдах гэж байна. Энэ хоёр төрлийн сонгууль бол тус тусдаа эрх зүйн орчинтой, зохицуулалттай тул тухайн, тухайн хуулийнх нь хүрээнд зохион байгуулна. Ковид-19 халдварын тохиолдлууд дотоодод илэрч байгаа нөхцөлд сонгууль явагдах гэж байна. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо дан ганц сонгогчдын ирц, идэвхийг дээшлүүлэх, сонгох эрхээ хангахад туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарлаа хандуулахаас гадна сонгогчдын санал авах ажиллагааг хэрхэн халдвар хамгаалын дэглэм баримталж зохион байгуулах вэ гэдэг асуудалд мэргэжлийн байгууллагуудтай хамтран онцгойлон анхаарч байна.

Бид сонгогчдод зориулсан сурталчилгааны ажлыг сонгуулийн ажлын үе шаттай уялдуулан зохион байгуулахаас гадна урьд өмнөх сонгуулиудын ирц оролцооны талаар дата дээр үндэслэн залуу сонгогчдыг сонгуульд идэвхитэй оролцуулах, сонгуулийн мөн чанар, ач холбогдлыг тайлбарлан таниулахад чиглэгдсэн идэвхижүүлэлтийн арга хэмжээг үе шаттайгаар авахаар төлөвлөж байна. Энэ ч агуулгаараа цахим орчинд мэдээлэл түгээх, сонгогчдыг сонгуульд идэвхитэй оролцуулах, сонгуулийн мөн чанар, ач холбогдлыг тайлбарлан таниулахад чиглэгдсэн контентуудыг түгээж ажиллана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах чиглэлд онцгой анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр болон залуусын идэвхийг өрнүүлэх чиглэлээр холбогдох ТББ-уудтай хамтран ажиллаж байна.  

Мөн сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагааг улс төрийн нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, олон нийт, сонгогчдод сурталчлан таниулах, ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.   

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуультай хамт явуулна. Ерөнхийлөгчийн сонгуулийг нөхөн сонгуультай хамт явуулах бэлтгэл ажлыг хангахад ямар хүндрэл гарч байна вэ?

-Дээр хэлсэнчлэн энэ удаагийн сонгууль цар тахлын үед болж байгаагаараа онцлогтой. Мөн УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай нэг өдөр зохион байгуулахаар УИХ-ын тогтоол гарсан. УИХ-ын сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь нийлүүлж явуулж байгаа гэсэн ойлголт байхгүй. Тус тусдаа эрх зүйн орчинтой учраас тухайн хуулийнхаа хүрээнд л зохион байгуулаад явна. Гагцхүү санал авах өдөр нь давхцаж байна. Иймээс СЕХ-ноос 28-р тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарь болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг тус тусад нь баталсан.

Харилцан адилгүй хууль эрх зүйн орчинтой хоёр сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байгаа учраас хэд хэдэн хүндрэл үүсэж болзошгүй. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо  тооцоолон, эрсдэлийн менежемент хийн  ажиллаж байна. 

Сонгогч саналаа өгснийг илэрхийлэх бэхэн тэмдэглэгээ хийх зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд хуульчилсан. Харин  УИХ-ын сонгуулийн тухай хуулинд сонгогч саналаа өгснийг илэрхийлэх ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглоно гээд шууд заачихсан. Ийм хоёр өөр зохицуулалттай учраас хоёр тусдаа саналын хуудас, хоёр тусдаа санал тоолох төхөөрөмж байрлуулах шаардлагатай юм. Мөн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх зохицуулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, харин УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн нэрийн жагсаалтыг үйлдэх эрх зүйн зохицуулалт нь мөн өөрийн хуулиараа зохицуулагдана. Үүнээс шалтгаалан зохион байгуулах ажлыг цаг хугацааны хуваарь харилцан адилгүй. Тиймээс нэрийн жагсаалт тус тусдаа гарна. Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан болон тоног төхөөрөмж гээд бүх зүйл тусдаа байх шаардлагатай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 28 дугаар тойрогт хамаарах 59 хэсэгт ажиллуулах хүн хүч болон тоног төхөөрөмжийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэж байна.

-Ярилцсанд баярлалаа.