Гадаадад буй сонгогчид энэ сарын 30, 31-нд саналаа өгнө
2021.05.29

Гадаадад буй сонгогчид энэ сарын 30, 31-нд саналаа өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 9-ний өдөр болно. Ерөнхийлөгчийн санал хураалтад гадаадад байгаа иргэдийн санал авах өдрийг тавдугаар сарын 30, 31-нд байхаар товлосон. Тухайн орон нутгийн цагаар 07.00-22.00 цагийн хооронд 30 улсын 45 дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсын иргэд өөрийн биеэр саналаа өгөх юм.

Сөүл хот дахь салбарт саналаа өгөх сонгогчид тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд саналаа өгнө. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь баталгаажсан сонгогч тавдугаар сарын 30, 31-ний 07:00-22:00 цагийн хооронд иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортоо авч, Элчин сайдын яамны байранд биечлэн ирж саналаа өгөх юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ цахим хуудаст хандаж шалгах боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд хоёр хүртэл ажиглагчийг томилон ажиллуулна. Санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулах юм.