Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэгжих түр журам
2021.05.28

Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэгжих түр журам

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан бөгөөд энэ журам өнөөдөр /2021.05.24/-өөс хэрэгжиж эхэллээ.

Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх:

  • Халдваргүйжүүлэлт
  •  агаар сэлгэлт
  •  чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх
  •  иргэдийн халууныг хэмжих
  • ариутгагч бодисоор хангах
  •  хоорондын зай бариулах
  • санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх
  •  сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ
  •  нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд нарийвчлан тусгажээ.

Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

  • Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
  • Ил тод, хариуцлагатай байх
  • Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
  • Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
  • Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.

Журамд зааснаар сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Мөн оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой.

Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

Иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэхийг  тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна. Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана. Сонгогч амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно. Сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ. Засгийн газрын хуралдаанаар мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг баталсан. Тусгаарлах байранд тусгаарлагдсан, хэвтэн эмчлүүлж байгаа, гэрээр тусгаарлагдсан, тусгай чиг үүргийн дагуу ажиллаж байгаа сонгогч хүсэлт гарган зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой.

Засгийн газраас баталсан сонгуулийн сурталчилгааны үеийн түр журам:

Нэг. Нийтлэг үндэслэл

  • 1.1. Энэ журмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
  • 1.2. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгуулийн хороодын ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед Сонгуулийн тухай хууль тогтоомж, Эрүүл мэндийн тухай, Гамшгаас хамгаалах тухай,  Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон энэ журмыг дагаж мөрдөнө.
  • 1.3. Төрийн байгууллага, сонгуулийн хэсгийн хороо сонгуулийн үйл ажиллагааны үед энэ журмын 1.2-т заасан хууль тогтоомж, журмыг нэгэн адил дагаж мөрдөнө. 

Хоёр. Баримтлах зарчим

  • 2.1.  Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дараахь зарчмыг баримтална:
  • 2.1.1. хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх;
  • 2.1.2. ил тод, хариуцлагатай байх;
  • 2.1.3. ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;
  • 2.1.4. байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах;
  • 2.1.5.хүний нэр төрийг хүндэтгэн харьцах. 

Гурав. Сонгуулийн сурталчилгааны үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

  • 3.1. Сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Оролцогч бүр амны хаалт заавал зүүх бөгөөд хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байж, биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харьцана.
  • 3.2. Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр, танхим болон гадна талбайд оролцогчдын сандлыг заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
  • 3.3. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байр, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларсан оролцогчдын биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
  • 3.4. “Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, орон нутгийн газарт зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогч хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
  • 3.5. Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
  • 3.6. Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг ил задгай талбай, танхимд хийх бөгөөд уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал, цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.
  • 3.7. Уулзалт, хурал, цуглааны танхимын салхивч, хаалгыг 30 минут тутамд 10 минутаас доошгүй хугацаагаар нээж, өрөө тасалгааг агааржуулна.
  • 3.8. Уулзалт хооронд хүний гар хүрэлцдэг ширээ, индэр, сандал, цонхны давцан, хаалга зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.
  • 3.9. Хаалга, явган болон урсдаг шатны бариул, цахилгаан шатны товчлуур, компьютер, хэвлэгч, хувилагч, утас зэргийг 2 цаг тутам халдваргүйжүүлэх бодисоор шүржиж, сайтар арчиж цэвэрлэнэ.
  • 3.10. Уулзалт, хурал, цуглааны танхимд ашиглаж байгаа микрофоныг 2 цаг тутам спиртэн суурьтай уусмалаар арчиж цэвэрлэж, эсхүл нэг удаагийн уут хэрэглэнэ.
  • 3.11. Танхимд уулзалт, хурал, цуглаан эхлэхийн өмнө болон дараа чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг сэлгэж, тоног төхөөрөмж, хэрэгслийг сайтар цэвэрлэнэ.
  • 3.12. Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.
  • 3.13. Халуунтай, ханиалгах, бөөлжих зэрэг шинж тэмдэгтэй хүнийг уулзалт, хурал, цуглаанд оролцуулахгүй бөгөөд эмнэлэгт хандахыг зөвлөж, гэрт нь буцаана.
  • 3.14. Сонгогч амны хаалтгүй тохиолдолд 1 ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
  • 3.15. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.
  • 3.16. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараахаар бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
  • 3.17. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний баримжаа тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг /замын зураглалыг/ нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгнө.
  • 3.18. Сонгуулийн сурталчилгаа, уулзалт, арга хэмжээнд сонгуулийн насанд хүрээгүй хүн оролцуулахыг хориглоно.
  • 3.19. Хэрэглэсэн амны хаалт болон бусад хог хаягдлыг зориулалтын хогийн уутанд цуглуулан, уутны амыг боож, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.

 Дөрөв. Ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа

  • 4.1. Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд уг байранд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэнд 1 ширхэг амны хаалт олгох бөгөөд амны хаалт нь сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
  • 4.2. Ухуулах байранд орох хүний биеийн халууныг зайнаас хэмжиж, гарыг спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлнэ.
  • 4.3. Ухуулах байранд ажиллагсдын биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа зайнаас хэмжиж, бүртгэнэ.
  • 4.4. Ухуулах байранд иргэд хоорондоо биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх), хүн хооронд 1.5 метрийн зай барьж харьцана.
  • 4.5. Ухуулах байранд иргэдийг суулгах сандлыг заавал байрлуулах бөгөөд тэдгээрийн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.
  • 4.6. Ухуулах байранд чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, 30 минут тутамд 10-аас доошгүй минут агаар сэлгэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ.
  • 4.7. Ухуулах байранд ажиллаж байгаа хүн нэг удаагийн бээлий өмсөх бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэж дуусмагц хэрэглэсэн бээлийг хогийн уут, саванд хаяна.
  • 4.8. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг хогийн уутанд цуглуулж, уутны амыг боож, зөвшөөрсөн хогийн цэгт хаяна.

 Тав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүрэг

  • 5.1. Нам, эвсэл, нэр дэвшигч дараахь эрхтэй:
  • 5.1.1. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, сахин биелүүлбэл зохих арга хэмжээний талаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах;
  • 5.1.2. эрх бүхий байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах;
  • 5.1.3. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар эрх бүхий байгууллагад санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх.
  • 5.2. Нам, эвсэл, нэр дэвшигч нь дараахь үүрэгтэй:
  • 5.2.1. сонгуулийн үйл ажиллагааны үед мэргэжлийн байгууллагаас коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан журам, заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг сахин биелүүлэх;
  • 5.2.2. ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилох;
  • 5.2.3. коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардал (амны хаалт, гар халдваргүйжүүлэгч, халуун хэмжигч гэх мэт шаардлагатай)-ыг хариуцах.