Таримал ургамлын шинэ сортод зохиогчийн эрх олгоно
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ.
1999 онд батлан, 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Таримал ургамлын үр, сортын тухай хууль нь таримал ургамлын удмын санг хамгаалах, шинэ сорт бүтээх, түүнийг сорих, нутагшуулах, бүртгэх, шинэ сортыг өмчлөх, ашиглах, таримал ургамлын удмын санг хамгаалах, ашиглах болон үрийн тариаланг эрхлэх, сортын цэвэршилт, үрийн чанарыг хянах, баталгаажуулах, үрийн нөөц бүрдүүлэх, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Тиймээс давхардал, хийдэл, зөрчлийг тогтоох, арилгах чиглэлээр 2011, 2016 онуудад хийсэн судалгаагаар уг хууль нь давхардал, зөрчил ихтэйгээс гадна таримал ургамлын шинэ сорт бүтээх, ашиглах болон үр үйлдвэрлэлтэй холбогдсон харилцааг бүрэн хамарч зохицуулаагүй байгаа нь тогтоогдсон байна. Үүнээс улбаалан тариаланчид болон үрийн, ялангуяа хүнсний ногооны үрийн жижиглэнгийн худалдаа эрхлэгчид БНХАУ, ОХУ, БНСУ болон бусад улсуудаас Монгол оронд соригдоогүй, бүрэн боловсрох эсэх нь тодорхойгүй, өвчин, хортонд тэсвэртэй эсэх нь нотлогдоогүй, сортын нэр нь мэдэгдэхгүй үрийг хяналтгүй оруулж ирж тариалснаас болц нь гүйцэхгүй байгаагаас гадна өвчин, хортонд өртөмтгий байдлаас шалтгаалан ургац алдаж, тариаланчид эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хүн амын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсгэж байгаа аж.