Цагаан хадны жолоочдын хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна
2021.05.10

Цагаан хадны жолоочдын хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Өнөөдөр буюу /2021.05.10/-нд МҮЭ-ийн холбоо, Өмнөговь аймгийн ҮЭ-ийн холбоотой хамтран Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэж буй жолооч нарын хөдөлмөрлөх эрх болон эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилт сэдвээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн ҮЭ-ийн холбооны удирдлага болоод тус аймгийн нүүрс тээвэрлэгч жолооч, холбогдох албаны хүмүүс оролцож байна.

МҮЭ-ийн холбооноос аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын дунд зохион байгуулсан ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй тус хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн ҮЭ-ийн холбооны гишүүд цагаан хадны нүүрс тээвэрлэгч жолооч нарын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөлийн асуудлаар тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж буй билээ.

Хэлэлцүүлгийн эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Өмнөговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Мөнх-Эрдэнэ, ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид, МХЕГ-ын ХХАУ байцаагч М.Ууганбаатар нар нээлтийн үг хэлэв.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбооны өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын чиглэл” сэдвээр илтгэл тавьж оролцогчдын сонирхсон асуултад хариулав. Мөн энэ үеэр нүүрсний тээвэрлэлтийн жолооч нарын эрүүл аюулгүй орчинд ажиллах өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр Өмнөговь аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

Үргэлжлүүлэн ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид “Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа хүний хөдөлмөрлөх эрхэд нөлөөлөх байдал”, МХЕГ-ын ХХАУ-ын байцаагч М.Ууганбаяр “Нүүрс тээвэрлэж байгаа жолооч тээвэрчдийн хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдалд тавих хяналт шалгалт” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn