Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэллээ
2021.03.22

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээр өнөөдөр эхэллээ.

Үүнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцон, хэлэлцээр ажил хэрэгч, иргэд хөдөлмөрчдөд ээлтэй байхад санал нэгдэв.

Хэлэлцээрээр нийгмийн түншлэгч талуудтай хамтран хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, цар тахлын үед ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжийн санхүүгийн дарамтыг багасгах, зорилтот бүлэгт чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ярилцана.

Түүнчлэн, албан бус эдийн засгийн салбарт ажиллагчдын албан эдийн засгийн салбарт шилжихийг дэмжих зэргийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2022 оны улсын хэлэлцээрт тусган, хэрэгжилтийг нийгмийн түншлэгч талуудтай хамтран зохион байгуулах талаар санал солилцох юм.

Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, ХХААХҮЯ, НДЕГ, ЭМЯ, МХЕГ, БШУЯ, ажил олгогчдыг төлөөлж Монголын хүнсчдийн холбоо, МҮХАҮТ, Эрчим хүчний ассоциаци, Монголын ноос ноолуурын холбооноос төлөөлөгчид оролцжээ. Мөн МҮЭ-ийн холбооны бүрэлдэхүүнд БШУҮЭХ, ЭМАҮЭХ, ТХГТАҮЭХ, ААХҮЭХ, ЭХГУУҮЭХ, Барилгачдын ҮЭХ, НУБХҮЭХ-ны удирдлагууд байгаа аж.