НББХ: УИХ-ын гишүүдээс гарсан саналыг үндэслэн УОК, Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр тогтов
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ 11 цаг 10 минутад 81,0 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан маргааш болно. Коронавируст халдварын дэгдэлт эрчимтэй өсөж буй энэ үед салбарын сайдын мэдээлэл сонсох, тулгамдаж буй бэрхшээлийг арилгах, шаардлагатай бол Байнгын хорооноос Засгийн газар болон Улсын онцгой комисст чиглэл, зөвлөмж хүргүүлэх зорилгоор уг асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан гэдгийг танилцуулав.
Ингээд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.
Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг орон нутаг дахь халдварын голомтуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн цалин хөлс олгож буй эсэх, хамгаалалтын хувцас, хэрэгслээр хэрхэн хангаж буй талаар тодруулав. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшууллыг олгож байгаа, өнгөрсөн нэг, хоёрдугаар саруудын урамшууллыг бүрэн олгосон, гурав, дөрөвдүгээр сарын олголт 80 хувьтай, мөн эрүүл мэндийн даатгалаас олгож эхлээд байна. Түргэн оношлуурын нийт 200 мянган ширхэгийн татан авалт хийж, орон нутагт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа сүүлийн өдрүүдэд халдварын тоо буурч байна гэсэн мэдээллийг ямар үндэслэлээр гаргаж байгаа, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж буйг тодруулж, одоо байгаа ногоон хоёрхон аймгийг бүрэн вакцинжуулах талаар санал хэлэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, тархалтын эрчим, тархалтын харьцуулсан судалгааг эрүүл мэндийн салбарын мэргэжлийн байгууллага хийдэг. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ачаалал их байгаа, өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Шүлсээр оношлох эхний 10,000 оношлуурыг холбогдох газруудад хүргүүлсэн.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, өдөр бүр ачаалалтай ажиллаж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудад талархал илэрхийлж, өдөрт нас барж буй өвчтөнүүдийн тоо өсөж буйд санаа зовж буйгаа илэрхийлэв. Тэрбээр Спутник вакцины нийлүүлэлт ирэх тавдугаар сард хийгдэнэ гэсэн, үүнд тодорхой хариулт авахыг хүсэв. Сайд С.Энхболд, нас баралтын дийлэнх суурь өвчтэй холбоотой, эдгээр хүмүүсийн шинжилгээ батлагдсан бөгөөд манайд задлан шинжилгээ хийх боломжгүй. Спутник вакцины нийлүүлэлт ирэх тавдугаар сард зохион байгуулагдана, тодорхой мэдээллийг Гадаад харилцаа болон Сангийн яам өгнө гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, П.Анужин, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Бейсен нар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалттай холбогдуулан тодруулга авч, тус салбарын сайд, нийт албан хаагчид сайн ажиллаж байгаа гэдгийг онцолж байв.
Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс тавьсан асуултад нэмэлт тодруулга хийв. Тэрбээр, Ковакс хөтөлбөрийн хүрээнд гэрээнүүд амжилттай хийгдэж, татан авалтын ажил явагдаж байгаа ба одоогоор хүндрэл бэрхшээл байхгүй. Ирэх зургадугаар сарын дундуур гэхэд нийт хүн амын зорилтот бүлгийн 60 хувьд хоёр дахь тунг хийж дуусна. Спутникийн хувьд татан авалт ирэх 7 хоногт хийгдэж эхлэнэ. Үүнд төсөв, хуваарийн зөрүүтэй ойлголт байхгүй гэлээ.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга авч, саналаа хэлсэний дараа Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг КОВИД-19 цар тахлын хүнд үед бүх нийтийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналыг үндэслэн Улсын онцгой комисс болон Засгийн газарт зөвлөмж хүргүүлэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Тэрбээр, КОВИД-19 цар тахлын үед нэн шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь бус тодорхой хугацаанд 100 хувь олгодог байх зохицуулалтыг хийх. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.32, Эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3 дахь хэсгийг хэрэгжүүлж ажиллах, гүйцэтгэлд нь хяналт тавих зэрэг долоон чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр тусгав.