2021.04.27

Б.Баярсайхан: Орон нутгийн иргэдийн дархлаажуулах ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

"Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа С.Энхболд сайдад талархаж байна. Бид өнөөдөр байдал ямар байгааг мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан бол хүн бүр дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа. Гэхдээ энэ хүмүүсийг туйлдтал нь ажлуулж байгаа нөхцөл байдал ийм хэмжээнд хүрэхэд менежментийн асуудал байгааг мартаж болохгүй. Хичнээн хүндэлж, талархаж, ойлгож байгаа боловч сэтгэл бухимдуулсан зүйлс байгаа. Эдгээрийгээ ч ярих ёстой.

Гишүүд улсын хэмжээнд асуудлыг хөндөн нилээн ярьсан учраас хөгжлийн хувьд хоцрогдолтой явж байгаа Завхан аймгийн хэмжээнд асуудлыг яримаар байна. Олон сар PCR шинжилгээний машин хөөцөлдөж байна. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр Завхан аймгийг өнөө маргаашгүй PCR шинжилгээний зөөврийн машинтай болгоно гэж хэлсэн ч түүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Одоо хүртэл хангагдаагүй байгаа. Үүнээс болж тус аймагт халдварын тархалт эрс нэмэгдсэн. Онцгой нөхцөл байдал үүссэн. Яагаад гэвэл шинжилгээгээ Улаанбаатар хот руу явуулдаг. 72 цагийн дараа дор хаяж хариу нь ирдэг. Иймээс байдал хүндэрсэн. Өнөөдөр УНТЭ-т хэрэглэж байсан PCR машиныг явуулахаар болж байна. Үүнд шаардлагатай дагалдах хэрэгсэл, оношлууртайгаа явж байгаа юу сайд аа?

Шинэ PCR машин хэзээ энэ аймагт хангагдах вэ? Загастайн давааны зам ашиглалтад орогүй байгаа тул Тосонцэнгэл болон Улиастай суманд тус бүр PCR шинжилгээний машин зайлшгүй хэрэгтэй байна. 

Таны мэдээлэлд вирусын эсрэг эм, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, ариутгалын бодис зэргийн талаар дурьдлаа. Орон нутагт эдгээр зүйл маш хомсдолтой байгаа. Хэрэгцээ шаардлагатай байгаа эдгээр зүйлсийг хэзээ хангах вэ? нөөц хэр байна вэ?

Дархлаажуулалтын хувьд хөргүүрийн багтаамжийн хэмжээгээр вакцин илгээнэ гэж байгаа. Завхан аймагт 10 мянган тун вакцин авах баталгаатай хөргүүртэй байгаа. Өнөөдрийн байдлаар 4713 хүн вакцинд хамрагдсан. Хөргүүрийн багтаамжтай байгаа аймгуудаа яаралтай хангана уу? Түүнчлэн хүнд өвчтэй, хөгжлийн бэхшээлтэй иргэдээ урьдчилан дархлаажуулах шаардлагатай байна.

Загастайн давааны зам дээр 100 хүн ажиллаж байна. Энэ замыг яаралтай ашиглалтанд оруулах шаардлагатай байгаа тул эдгээр хүмүүст анхаарал хандуулж ажиллаарай."

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn