2021.03.31

Хууль зүйн туслалцааны тухай хуулийн ажлын хэсгийг Б.Дэлгэрсайхан гишүүн ахална

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн "Хууль зүйн туслалцааны тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. 

Энэхүү хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханыг томиллоо. 

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Эрүүгийн хэргийн яллагдагч төдийгүй иргэн, захиргааны зарим хэрэг, маргаанд оролцогч төлбөрийн чадваргүй хүн, зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа нь Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх судалгаануудын дүнгээс харагддаг байна.

Иймд эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгохоор төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд хуулийн төсөлд одоо байгаа хууль зүйн туслалцааны тогтолцоог хэвээр үлдээхийн зэрэгцээ зарчмын шинжтэй зарим зохицуулалтуудыг шинээр тусгажээ.

Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, татгалзах шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тодорхой болгох, түүнтэй холбоотойгоор хууль зүйн туслалцаа авч байгаа иргэн болон хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хариуцлагын асуудлыг төсөлд нэмж тусгасан. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны албан болон албан бус тогтолцоог уялдуулах замаар хууль зүйн туслалцааны нэгдсэн тогтолцоо, мэдээллийн санг бий болгох юм. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn