2021.03.25

Б.Баярсайхан: Эрсдэлт нөхцөлд орсон хүүхдээс эрх бүхий байгууллагын тодорхойлолт нэхэж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа бөгөөд хэлэх 2 санал байна.

1. Хуулийн 6.1-д заасан "...эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд мөн бол эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг үндэслэнэ." гэж заасан байна. Энэ бол маш хүнлэг бус заалт оржээ. Үүнийг "...эрсдэлт нөхцөлд байж болзошгүй хүүхэд хандсан бол нэн даруй хууль зүйн туслалцаа үзүүлнэ" гэж өөрчлөх саналтай байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1-д зааснаар ...эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг ойлгоно гэсэн. Тиймээс яаралтай хууль зүйн туслалцаа авах хүүхдэд энэ тодорхойлолтыг хүлээгээд суух юм уу? Хууль зүйн шууд туслалцаа үзүүлэх эрх зүйн боломжийг нь олгож өгнө үү хэмээн хүсэж байна.

Гурван жилийн өмнө "Нүдээ нээ" аяныг бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зорилгоор бусад ТББ-уудтай хамтран хийхдээ шүүх эмнэлэг дээр хүчирхийлүүлсэн хүүхдээс авдаг 10,000 төгрөгийн хураамжийг зогсоох 3 сайдын тушаалыг гаргуулж байсан. Цаашид бид ийм байдал дээр хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ ийм энэрэнгүй бус заалтыг оруулах ёсгүй гэдгийг хэлье. 

2. Төрөөс үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйлчилгээ авч байгаа энэ харилцаанд хөндлөнгийн үнэлгээ хийх үйлчилгээний чанарт нь хяналт тавих ТББ-уудын оролцоо зайлшгүй байх шаардлагатай.

Жишээлбэл Эрүүгийн хуульд шүүх нь төрийн нэрийн өмнөөс оролцдог. Прокурор өөрөө төрийн албан хаагч, нэмээд өмгөөлөгч нь төрийн албан хаагч байх юм бол нөлөөлөл, ашиг сонирхол байхгүй байх тухай ярихад хэцүү харагдаж байна. Тиймээс үүн дээр ТББ-ууд, иргэдийн оролцоотой байх боломжийг олгохгүй бол одоо байгаа энэ хуулийн төслөөр Засгийн нгазар, сайд, яам, хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын захирал л хуульд хяналт тавих эрхтэй харагдаж байгааг хэлмээр байна."

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn