2021.03.26

Н.Ганибал: Эмч, сувилагч, резидент нарын урамшуулал, илүү цагийн мөнгө хангалтгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.26\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар" Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариултыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан бөгөөд асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

"2020 оны 3 сараас эхлээд цар тахлын эсрэг олон арга хэмжээ эхлүүлсэн. Нэн ялангуяа Засгийн газрын 5,1 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл үр дүндээ хүрээгүйн илрэлд нь өнөөдөр яриад байгаа бүх асуудал юм. ЭМ-ийн салбарт 5,1 их наядын хөтөлбөрөөс 600 орчим тэрбумыг зарцуулсан гэдэг гэтэл эмч, сувилагч, резидент эмч нарын урамшуулал, илүү цагийн мөнгө хангалтгүй очиж байна.

Саяхан цахим орчинд өдрийн хоол гэж эмч нарт өгч байгаа зүлийн зургийг харсан байх. Үүний дагуу УОК арга хэмжээ авсан. Өчигдөрхөн гэхэд сувилагчийн сарын сүүлийн цалин гэж 250 мянган төгрөг л орж байх жишээтэй. Энхийн цаг дайнд тулалдаж байгаа эмч, сувилагч нарын цалин дэндүү бага байна. Илүү цагийн мөнгийг нь өгмөөр байна. Үр хүүхэд, гэр бүлээ орхиод ажиллаж байгаа эдгээр хүмүүст ажилласан илүү цагийнх нь мөнгийг өгөх хэрэгтэй. Засгийн газар, Эрүүл мэндийн байгууллага ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэй байна.

Хөдөө орон нутгаас 5, 5 эмч татаад авсан. Ирсэн хойно нь хоолны мөнгөгүй гээд хоосон байлгадаг. Тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газраас нь хойноос нь мөнгийг нь явуулна гээд зохисгүй үйл ажиллагаа их байна шүү. Зохион байгуулалт дэндүү муу байгааг хэлье.

Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамнаас үл хамааран иргэд маань л өөрсдөө эрүүл мэндийн хамгаалах л үлдэж байна. "

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn