2021.03.26

Б.Баярсайхан: Завхан аймагт нэн яаралтай PCR шинжилгээний машиныг дагалдах төхөөрөмжүүдийн хамт олгож өгөхийг хүсч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.26\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар" Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариултыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан бөгөөд асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Анх 3 дугаар сар эхлээд Завхан аймагт коронавирусын 3 өөр тохиолдлын халдвар илэрсэн. Өнөөдөр Завхан аймаг эрсдэлтэй аймгуудын тоонд ороод байна. 3 сарын 3-д Шилүүстэй суманд эхний тохиолдол зөөвөрлөгдөж бүртгэгдсэнээс хойш өнөөдөр Улиастайд тусгаарлалтад 20 иргэн, Цагаанчулуут, Цагаанхайрхан суманд тусгаарлалтанд 4 иргэн, Тосонцэнгэлд 12 иргэн эмнэлгийн тусгаарлалтад байна. Мөн гэрийн тусгаарлалтад 2 дугаар хавьтлын 86 иргэн байна. Улаанбаатар хотоос ирээд гэртээ тусгаарлагдсан 360 гаруй иргэн байна.

Завхан аймаг Улаанбаатар хотоос 1000 гаруй км-ын зайд оршдог. Нийслэлтэй автозамаар холбогдоогүй цорын ганц аймаг юм. Гэтэл PCR шинжилгээний хариу ирэх дундаж хугацаа 72 цаг байна. Зам харилцаа муу байгаа ийм тохиолдолд шинжилгээний дээж зөөвөрлөх хугацаа алдаж байгаа нь асар их эрсдэл дагуулж байна.

Би Эрүүл мэндийн сайд С.Энхболдод Шилүүстэй суманд анхны тохиолдол илэрснээс хойш PCR шинжилгээний машиныг дагалдах төхөөрөмжийн хамт олгохыг хүссэн ч өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Тиймээс УОК, Шадар сайд, ЭМ-ийн сайдаас яаралтай PCR-ын шинжилгээний тоног төхөөрөмжөөр хангаж өгөхийг хүсэж байна. Хэзээ Завхан аймгийн Улиастай сумын нэгдсэн эмнэлэг хангагдах вэ? 

Ё.Баатарбилэг гишүүний асуусантай адил Завхан аймагт хамгаалах хэрэгсэл, оношлуурын төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн нөөцийг хэзээ хангаж өгөх вэ?"

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn