Эрдэмтдийн зөвлөл хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзжээ
2021.03.23

Эрдэмтдийн зөвлөл хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзжээ

Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон дархлаажуулах ажлын явцын талаар УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр зөвлөлдөв.   

Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "COVID-19"-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулаад, хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа дуулгалаа. ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр, шинжилгээ оношилгооны менежментийг өөрчилж, шинэ арга тактик хэрэглэхээр зорьж, бүтэц бүрэлдэхүүнээ өргөтгөж байгаагаа мэдээллээ.  Мөн УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гуравны хоёр нь бүх нийтийн хөл хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн талаар тус зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжийн ажлыг хорьж хаалгүй,  халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж хэвийн үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа  Шадар сайд С.Амарсайхан илэрхийлэв. Цаашид хатуу хөл хорио тогтоолгүй, халдвар илэрсэн байршлуудад хэсэгчилж хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагыг цахимаар ажиллуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах судалгаа, тооцоог гаргаж, танилцуулах үүргийг  холбогдох албаныханд өгсөн юм. Мөн халдваргүйтгэлийн ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар боллоо.