2012.08.11
АНУ ард иргэдийнхээ бослогыг дарах цэрэгжсэн цагдаатай боллоо
АНУ-ын Калифорни дахь Тэнгисийн цэргийн бааз дээр цэрэгжсэн цагдаагийн хүчний эргүүлийн батальон байгуулагдлаа. Энэ батальон нь галт тэргэнд халдах, терроризм болон хар тамхитай холбоотой гэмт хэргийг мөрдөхөөс гадна гудамжны шуурхай цагдаагийн үүрэг гүйцэтгэх аж. Өөрөөр хэлбэл олон нийтийн газар хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөнийг хянах, торгууль бичих зэргээр жирийн цагдаагийн үүргиыг хүлээжээ.
Тус батальон 500 алба хаагчтай, мөн сургуультай ноходтой. Тэд тагнуул, Тэнгисийн цэрэгт хуримтлуулсан туршлагаа Америкийн хотуудын гудамжинд ашиглах нь дамжиггүй. Үүний зэрэгцээ тэд Тэнгисийн явган цэргийн корпусын бүрэлдэхүүнд хэвээр үлдсэн байна.
Кэмп-Пендлтон дэх цэрэгжсэн цагдаагийн эргүүлийн анхны тусгай батальоны командлагч хошууч генерал Ян Дарем “Бид сүүлийн 11 жилд Ирак, Афганистанд тулалдаж, том сургамж авсан. Байлдааны ажиллагаа явуулах чадвартай цэргийнхний хэрэгцээ улам ихэсч байна. Бид гудамжны хөдөлгөөнийг хянах, торгууль бичихээс ч илүү ихийг хийж чадна” хэмээжээ.
Харин энэ талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тусгай цагдаагийнхныг эх нутагтаа дэгдсэн ард иргэдийн бослого хөдөлгөөний эсрэг буюу баривчилгаа явуулах, хотод самналт хийх, сэжигтнүүдийг нүүрэлдүүлэх, шүүх эмнэлгийн шинжилгээ явуулахад туслах зэргээр төрийн төмөр нүүрийг харуулан, ард иргэдийг чанга гараар барихад ашиглахаар төлөвлөж байна” хэмээн үзэж байна. АНУ өмнө нь цэрэгжсэн цагдаагийн хүчээ зөвхөн хилийн чанадад хэрэглэж байсан юм.
Нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн оны 6-р сараас Миссури мужид цэрэг армийн хээрийн сургуулилт явуулах болжээ. Тодруулбал Сент-Луис хотын ард иргэдэд хандан, “Армийн танкууд орон сууцны хорооллоор явахад айх хэрэггүй. Энэ бол сургуулилт” хэмээн зарлаж байсан. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Америкийн цэргийнхэн дотооддоо иргэний хөдөлгөөн, бослогыг дарах сургуулилтаа бүр 2010 оноос эхэлсэн байна. Сургуулилтын үеэр америк иргэд хоол хүнс болон Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх шаардлага тавьж, харин цэргүүд тэднийг хяналтдаа авах оролдлого хийж байжээ.
Дашрамд сонордуулахад НАТО-гийн саммитын өмнө америкчууд Чикаго хотод онц байдал зарлаж, Тээврийн яамны зүгээс хотын төв рүү орох, гарах бүх замыг хаах сургуулилт хийсэн юм. Хэрэв террорист аюул тулгарвал хотыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гарган, хотын шоронгуудыг НАТО-гийн тусгай изолятор болгон өөрчилсөн гэдэг. Цэргийн хээрийн сургуулилт, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг саммит болохоос хэдэн сарын өмнөөс хийж бэлдсэн гэсэн мэдээлэл ч бий.
Энэ талаар хувийн мөрдөгч Дуг Хагманн “Үндэсний аюулгүй байдлын яамны нэрээ нууцалсан өндөр албан тушаалтны мэдээлснээр тус яам АНУ-д том бослого, бүр иргэний дайн гарч болзошгүй гэж үзэн бэлтгэлээ базааж байна. Нөхцөл байдал маш муу байна. Үндэсний аюулгүй байдлын яам Америкийн ард түмний эсрэг дайтахад бэлэн болжээ. Сонгууль ойртох тусам нөхцөл байдал улам хүндэрнэ. Иймээс би сонгууль болно гэдэгт итгэхгүй байна” хэмээжээ. Түүний баталж буйгаар онц байдал тогтоох гол шалтгаан нь доллар гэнэ. Эдийн засгийн сүйрлээс болж, долларын ханш тогтворгүйтэж, гүн инфляцид хүргэж, мөнгө үнэгүйдэн, бөөн үймээн сандраан үүсч болзошгүй аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2012 оны 3-р сард үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүх нөөц баялгийг дайчлах тушаалд (EO 13603) гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл Засгийн газар энх тайван цагт төдийгүй онц байдлын үеэр хэний ч, ямар ч өмчийг үндэсний аюулгүй байдлыг хангах нэрийдлээр хураан авч төрийн мэдэлд шилжүүлэх эрхтэй болжээ. Тэгэхээр АНУ-ын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ, мөн иргэний эрхээ алдаж байгаа юм. Энд Конгресийн үүрэг, бүрэн эрхийг огт тусгаагүйгээсүзэхэд АНУ-ын Ерөнхийлөгч энэ байгууллагын талаар ямар бодолтой байгаа нь илт. Хоёрдмол утгатай дээрх тушаалыг ашиглан, ард иргэдийн хувийн өмчийг хүртэл хураан авах боломж бүрдэх тул зөрчил маргаан их дэгдэх нь ойлгомжтой.
Дээрх тушаалын хэрэгжилт нь онц байдал тогтоох нууц бэлтгэлтэй хослоод Америкийн ард иргэдийн эрх чөлөөг “булшиллаа”. Д.Хагманн “Манай гудамжинд цэргийнхэн байрлаж байгааг одоо бид харж байна. Үндэсний аюулгүй байдлын яам тусгай хүчийг бэлтгэж, цагдаагийн хангамжийг нэмэгдүүлэн, зэвсэг сум их хэмжээгээр худалдан авсаар байгаа. Тэдний дараагийн алхмыг тааварлахад хэцүү биш” хэмээжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.