Иргэдийг ОРОН СУУЦЖУУЛАХ гурван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
2021.02.10

Иргэдийг ОРОН СУУЦЖУУЛАХ гурван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд Иргэдийг орон сууцжуулах гурван их наяд төгрөгийн хөтөлбөр багтжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд нэг их наяд төгрөгийг төрөөс газрыг үнэгүй олгох, нэг нэгдсэн зургаар орон сууц барих, цемент болон арматур төмөртэй холбоотой асуудалд хөнгөлөлт олгох, зээлийн батлан даалт болон дэд бүтцийг төрөөс хариуцах аж. Ингэснээр орон сууцны үнийн бодлогод Засгийн газар оролцох юм.

Мөн Засгийн газраас тодорхой хэмжээний хөнгөлөлтэй зээлийг барилгын компаниудад санал болгоно. Нэг үгээр хэлбэл, үнэгүй газар, үнэгүй дэд бүтэц дээр барилгын компани Засгийн газартай хамтран ажиллана гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Тэрбээр, “Ипотекийн зээлийн санхүүжилтэд хоёр их наяд төгрөг зарцуулна. Барилгын компаниуд барьсан орон сууцаа борлуулах нь хамгийн хэцүү зүйл байдаг. Тиймээс энэ тал дээр нь Засгийн газар бодлогоор хамтран ажиллана.

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шаардлагыг хүлээн зөвшөөрч, орон сууцны метр квадратын үнийг буулгавал ипотекийн зээлд хамруулах юм. Сар тутамд ипотекийн зээлд 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Хэрэв хоёр их наяд төгрөг хангалтгүй бол дахиад нэг их наяд төгрөг нэмэх боломж бий. Ингэснээр барилгын салбар идэвхжиж, ажлын байр бий болж, залуус орон сууцанд орох боломж ихсэнэ. Цаашдаа орон нутагт 6 хувийн хүүтэй зээлийн хүүг багасгах бодлого барина” гэлээ.