Гамшгийн үеийн нөхцөл байдлыг дөрвөн өнгөөр үнэлнэ
2021.02.10

Гамшгийн үеийн нөхцөл байдлыг дөрвөн өнгөөр үнэлнэ

Засгийн газраас нөхцөл байдлыг дөрвөн өнгөөр үнэлэх журам гаргасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцууллаа. 

Тодруулбал, УОК, НОК, ЭМЯ-наас гарч буй шийдвэрийг нэгдсэн төлөвлөлттэй болгох шаардлагатай байгааг олон нийт илэрхийлж байгаа. Тиймээс гамшгийн үеийн нөхцөл байдлыг ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр үнэлэхээр болсон байна. 

  • Ногоон өнгөнд шилжсэн үед иргэдэд сануулга, мэдээлэл өгнө.
  • Шар өнгөтэй үед өдөр тутмын бэлэн байдлын зэрэг буюу анхааруулах үед шилжих юм. Энэ нь зарим аймаг, дүүрэгт хэсэгчилсэн хөл хорио тогтоох үеийг хэлэх юм байна. Тухайн хэсэгт өнгөний тэмдэг байршуулж хэвлэл мэдээллээр олон нийтэд таниулж ажиллах аж.
  • Улбар шар буюу хатуу анхааруулах үе
  • Улаан нь шаардах үе бөгөөд Шадар сайд асуудлыг 100 хувь хариуцаж ажиллана. 

Маргааш буюу энэ сарын 11-нээс хатуу хөл хорио буюу улаан өнгөнд шилжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, хөл хорионы үеийг ашиглаж ногоон эсвэл шар өнгөнд нөхцөл байдлыг хумиж авах нь бидний хамтын зорилго хэмээв. 

Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран ажиллаж, мэдээллийн нэг цонхны бодлогод шилжинэ. Ингэснээр, төрөөс нэг хүнээр дамжиж мэдээлэл иргэдэд хүрнэ. Мөн E-Mongol цонхоор өдөр бүр өвчлөлтэй холбоотой статистикийг мэдээлнэ. Албан ёсны эх сурвалжтай байх нь зүйтэй гэдгийг илэрхийллээ. 

Хөл хорионы дараа буюу энэ сарын 23-наас бизнесийг шууд харьцдаг, дам харьцдаг гэж хоёр төрөлд хуваах дүрэм танилцуулна. Уг дүрмийг хөл хорионы хугацаанд Засгийн газар боловсруулна гэлээ. Тухайлбал, иргэдтэй шууд харьцдаг байгууллага буюу үйлчилгээний байгууллагын 25 хувь нь ажиллах гэдэг байдлаар зохицуулна. Шууд бус харьцдаг байгууллагын ажиллах стандартыг боловсруулж, уг стандартыг зөрчвөл тооцох хариуцлагыг бэлэн болгож танилцуулахаар төлөвлөж байна. 

Цахим бодлогыг дэмжиж цахим хүргэлт, цахимаар ажиллах зэргийг Засгийн газраас дэмжинэ. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ гэдгийг тодотгоод, төрийн үйлчилгээний соёлд өөрчлөлт авчрахын тулд бодлогоор дэмжинэ гэлээ.

Хилийн тусгай бүс байгуулж гадаадын бизнесийн уулзалтыг нээнэ. Өөрөөр хэлбэл, онгоцны буудлын наана тусгай зориулалтын ногоон бүс байгуулах юм. Бизнес уулзалт хийхдээ шууд харьцахгүй ч гарын үсэг зурах, нотариатаар баталгаажуулах, гэрээ хэлцэл хийх зэргийг нээлттэй болгох боломжтой байдлаар зохион байгуулахаар болж байна.

Аль болох бэлэн бус тооцооны чиглэл рүү орохыг Монголбанк, арилжааны банкуудын удирдлагатай ярилцаж Засгийн газраас идэвхтэй бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлсэн гэв.