Хөл хорионы хугацаанд гурван ажлын баг ажиллана
2021.02.10

Хөл хорионы хугацаанд гурван ажлын баг ажиллана

Нийслэл хотод маргаашаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжих 12 хоногийн хугацаанд гурван ажлын баг ажиллана.

Энэ нь коронавирусний халдварыг эрт илрүүлж, шинжилгээ хийж эмчлэх, хөл хорионы үед хэв журам сахиулах, мөн нийслэлийн 9 дүүрэг, 170 хороонд айл өрхийн хуваарь гаргах ажлыг зохион байгуулах ажлын багууд юм.

Энэ сарын 23 хүртэл тогтоох хөл хорионы үеийн зохион байгуулалтыг хотын захиргаа хариуцаж байгаа бөгөөд НОК-ын Шуурхай штаб өдөр бүр цаг үеийн асуудлаар хуралдаж байна.

Өнөөдрөөс Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж хурандаа Р.Чингисийг томилсон. Тэрбээр тусгай албаны мэргэжилтэй, ажлын туршлагатай учир энэ үед Шуурхай штаб удирдах хүнд үүрэг даалгавар авсныг Засаг дарга Д.Сумьяабазар хэвлэлийн хурлын үеэр хэлэв.

Түүнчлэн, хөл хорионы үед хамтран ажиллах багаа танилцууллаа. Тодруулбал, түгээлт үйлдвэр, худалдаа, дулаан, эрчим хүчний хангамжийг ЗАА дарга Т.Гантөмөр, худалдаа, түгээлт, ханган нийлүүлэлт гэхчлэн ерөнхий зохион байгуулалтыг НОБГ-ын дарга А.Дашням, 13 чиглэлд төрийн албан хаагчид үйлчлэх ажлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, иргэдийн шинжилгээний сорьц дээж авах, лабораторид хүргэх ажлыг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хариуцах аж.