Өрх бүрээс шинжилгээ авна
Нийслэлийн ИТХ ээлжит III хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч Д.Сумъяабазарын тайлан мэдээллийг сонслоо.
Цар тахлын дэгдэлтийг хумих, тахлаас үүдэлтэй аливаа эрсдэлийг бууруулах хүрээнд НОК шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэн нийслэлд идэвхтэй байгаа 30 гаруй голомтоос 815 мянган хүнээс /давхардсан тоогоор/ шинжилгээ авчээ.
Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хамгийн хүнд асуудал болох нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бэлэн байдлын зэргийг бууруулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатай нээх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоож, хязгаарлахгүй байх бодлого ямагт баримтална, үүнийгээ холбогдох байгууллагад тогтмол уламжилж буйгаа танилцуулгын үеэр дурдсан. Маргаашаас нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжиж буй. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт НОК ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар мөн үеэр танилцуулав.
Эдгээр өдрүүдэд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, эмийн сан, хүнсний дэлгүүрүүд ажиллана. НОК-оос мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн системд оруулна. Ингэснээр тандалт илрүүлгийн шинжилгээ, хүнсний худалдаа, үйлчилгээ, тээвэрлэлт, түгээлт, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар иргэд 24 цагийн аль ч хугацаанд холбогдож, мэдээлэл авч болох юм.
Түүнчлэн хөл хорионы үеэр өрх бүрээс шинжилгээ авна. Өдөрт 40 гаруй мянган иргэнээс шинжилгээ авах бөгөөд ингэхдээ идэвхтэй байгаа 30 гаруй голомт, 116 цэгийн тандалтаар нийтдээ 210 газарт шинжилгээ хийнэ гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Мөн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргын 85 дугаар захирамжаар байгуулагдсан цар тахлаас үүдэлтэй учирч буюу эрсдэлүүдэд хариу арга хэмжээ, үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийн тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг сонсов.
Ажлын хэсгээс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг газарзүйн байршлаар нь бүсчилсэн, эрсдэлийн зэргээр нь үечилсэн, сегментчилсэн бодлогоор явуулах шаардлагатай гэсэн санал гаргасныг ажлын хэсгийн ахлагч, төлөөлөгч Г.Гангамөрөн онцолсон. Мөн нийгмийн сэтгэл зүйг тогтвортой байлгах, хариуцлага хуваалцах бодлого гаргах нь чухал гэв. Тэрбээр “Халдвар тархалт өмнө нь кластер хэлбэртэй байсан бол одоо алаг цоог тархалттай боллоо. Энэ нь өндөр эрсдэлтэй байна гэсэн үг.
Тархалтыг хумих хурд 2020 оны сүүлчээс багассан байгаа учраас шаталсан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар оролцоотой байх вэ гэдгийг тодорхой болгоно. Вирусний тархалтыг хумих, эрсдэлээс сэргийлэх нь дан ганц төрийн байгууллагын ажил биш. Иргэдийн санаачилга, идэвхтэй оролцоо тун чухал гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
Үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын дэргэд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн түр хугацааны бүтцийн нэгж байгуулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзлээ. Нийслэлийг аль нэг аймаг, дүүргүүдийг аль нэг сумтай харьцуулах боломжгүй. Гэтэл НОК үндсэн чиг үүргийн ажлаа хэрэгжүүлэхийн хажуугаар цар тахлаас сэргийлэх, халдварын дэгдэлтийг хумих ажлыг хийж байна. Тиймээс түр хугацааны бүтцийн нэгж байгуулах нь чухал ач холбогдолтой” гэв.
Тиймээс нийслэлийн ИТХ-аас уг ажлын хэсгээс гаргасан зөвлөмжийг УОК, НОК-т 2020 оны 12 дугаар сараас хүргүүлэн, зөвлөмжийг улам бүр шинэчлэн сайжруулах, хэрэгжилтийг хангуулахад тал бүр хамтран ажиллах, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн үйл ажиллагаатай нягт уялдуулах чиглэлээр тодорхой үүрэг өглөө.