2021.02.01

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намрын чуулганы хугацаанд зургаан хуулийн ажлын хэсэгт ажиллалаа

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулиар Сүхбаатарчуудынхаа итгэлийг өвөрлөн, сонгогдон тангараг өргөж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг дээдэлсэн, хөгжлийн оновчтой бодлого боловсруулах ажилд идэвх санаачлагатай оролцож УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд багтан ажиллалаа.

УИХ-ын намрын ээлжит чуулган 2021 оны 01 дүгээр сарын 29-ний баасан гарагт завсарласан бөгөөд бие даасан болон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 52 хууль, Олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 7 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 6 хууль, Улсын Их Хурлын тогтоол 33-ыг тус тус хэлэлцэн баталсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намрын чуулганаар батлагдсан дараах хуулийн төслүүдийн ажлын хэсэгт орж ажиллажээ.
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсэг,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг судлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг,
  • Цар тахлын үед эдийн засаг, банк санхүүгийн салбарт үүсэж буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэх зорилгоор урт хугацаат дахин санхүүжилтийг нэвтрүүлэх, иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж бүрд бодит нөлөө үзүүлэх мөнгөний бодлого, зээл, зээл хүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээний талаар Улсын Их хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг,
  • Төсвийн байнгын хорооны Монгол улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх,
  • Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлого болон төсвийн тэнцэлд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах төсвийн бодлогын талаар санал, дүгнэлт гаргах,
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах зэрэг үүрэг бүхий ажлын хэсгүүдэд томилогдон ажилласан байна.

Ж.Батсуурь гишүүн УИХ-аар хэлэлцэн баталж буй хууиудад ул суурьтай, мэргэжлийн үүднээс судлан, боловсруулж өөрийн байр суурь, зарчмын санал дүгнэлтээ байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудад илэрхийлсээр ирсэн.

Тухайлбал,

  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдийн сонгох, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрхийг боомилсон, нэг намын дарангуйлал тогтоох нөхцөлийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээн нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байхаар маш тодорхой, хоёрдмол утгагүй хуульчлан баталгаажуулсныг илтэд зөрчсөн үйлдэл мөн хэмээн үзэж буйгаа удаа дараа илэрхийлж, дээрх заалтыг эргэн харж нягтлан үзэх, эс бөгөөс Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандахаа илэрхийлж байсан.

Дэлхий дахинд Коронавирус цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа ч тэрээр ажлын алба болон орон нутаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан иргэд сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсох, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа асуудлуудаар тойргийнхоо иргэдийн санал бодлыг тусган, төрд төлөөлөх үүргээ биелүүлэн ажилласан.

УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш хоёр удаа тойргийнхоо сумдаар ажиллаж иргэд, олон түмэнтэйгээ уулзжээ. Цаашид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах талаар улам идэвхтэй ажиллан, УИХ-аас холбогдох шийдвэрүүдийг гаргуулан ажиллах болно гэдгээ илэрхийллээ.  

Иргэн, сонгогч та өөрийн санал, хүсэлтээ уламжлахыг хүсвэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн цахим хаяг болон ажлын албаны usha.hatagin@gmail.com хаягаар хандаж болно.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn