“Rank” өндөртэй, мэргэжлийн улс төрч
Монгол Улсын Их Хурал бол хууль тогтоох дээд байгууллага. Энэ байгууллагад 3 сая гаруй иргэний итгэлийг хүлээж, тэднийг бүрэн төлөөлж төрийн хууль батлах үйл хэрэгт 76 хүн оролцож байгаа билээ. Эдгээр хүмүүс мэргэжлийн, туршлагатай хүн байхыг цаг үе шаардаж байна. 2020 оны ээлжит сонгуулиар сонгогдсон гишүүдийг эзэмшсэн мэргэжлээр нь харвал:
- Эдийн засагч 25
- Хуульч, эрх зүйч 14
- Инженер 11
- Сэтгүүлч 7
- Багш 3
- Олон улсын харилцаа 3
- Улс төр судлаач 3
- Хүний их эмч 3 хүн байна.
Тэдний дундаас хууль, эрх зүйн чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн мэргэжлийн хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар юм.
УИХ-ын намрын чуулган эхлээд 1 сарын хугацаа өнгөрч байна. Энэ өдрүүдэд 2021 оны нэгдсэн төсвөөс эхлээд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, хот байгуулалтын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, шүүхийн тухай гэх мэт улс орны эдийн засаг, засаглал, нутгийн өөрөө удирдах ёсны эрх зүйн зохицуулалттай холбоотой чухал хуулиуд батлагдаж байна. Эдгээр хуульд мэргэжлийн түвшинд, чамбай ажиллах шаардлагатай байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслүүд дээр нухацтай хандаж байна. Энэ нь сүүлийн өдрүүдэд түүний байнгын хороо, чуулганы хуралдаануудад илэрхийлж байгаа байр сууриудаас харагдаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар намрын ээлжит чуулган эхэлснээс хойш 30 удаа байр сууриа илэрхийлж, хуулийн төсөлтэй холбоотой асуулт асуусан байна. Тэр дундаа хууль, эрх зүйн орчныг сайжруулж, хуулийг зөв хэрэглэх, эрх зүйн үндэс суурь зэрэгтэй холбоотой шинжлэх ухаанч, мэргэжлийн хүний байр сууринаас хандаж байна.
Тухайлбал, Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцэж байхад тэрээр,
“Ардчиллын амин сүнс, иргэдийн эрхийг хамгаалах зүйл нь шүүх. Цаг үе амаргүй байна. Шүүхийн асуудлыг цэгцэлхээр ярьж байна. Гэтэл зарцуулж буй төсөв хэт бага байна. Монгол Улсын шүүх байгууллага дэлхийн 141 улсын шүүхийн хараат бус байдлаараа 120-д эрэмбэлэгдэж байна. Улсаа сайн сайхан авч явахын үндэс, “хашаа хашлага” нь энэ шүүх шүү дээ. Төр хүчтэй байх үндэс нь шүүх юм. Шүүхээ янзлаагүй улс доройтдог. 500 гаруй шүүгч дээр 70 мянга гаруй хэрэг шийдвэрлэгддэг. Ийм нөхцөлд ажиллах орчин нөхцөл, шүүхийн үйлчилгээг сайжруулахгүй бол ахиц гарахгүй.” гэсэн юм.
Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар Ж.Сүхбаатар гишүүн ажиллаж байгаа бөгөөд тус хуулийн төслийн талаар хэлэхдээ,
“Энэхүү хууль нь орон нутгийн эрх барих бага үндсэн хууль гэж хэлж болно. Тиймээс нутгийн өөрөө удирдах ёсыг орчин цагт нийцүүлэн, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудтай нягт уялдуулахаар ажиллаж байна” гэв.
Тэрээр УИХ-д хоёрдахь удаагаа сонгогдсон бөгөөд УИХ дахь намын бүлгийн хуулийн зөвлөхөөс эхлээд Сонгуулийн ерөнхий хороо, засгийн газрын хэрэг эрхлэх газар, УИХ түүний бүтцэд олон жил ажилласан туршлагатай, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажилласан гээд түүний улс төр, улс төрийн намын шат шатны байгууллагад ажиллаж байсан туршлага арвин ажээ.
Ийм мэргэжлийн, туршлагатай, залуу, эрч хүчтэй төрийн түшээ олон байснаар төрийн хууль батлах дээд байгууллагаас батлагдан гарч буй хуулиуд бат хэрэгжих, үр нөлөө өндөртэй байж чадна гэдэгт итгэлтэй байна.
Ц.Соёлмаа