2020.11.16

УИХ-ын гишүүн Т.Аубакир 100 хоногт хийсэн ажлаа танилцууллаа

Баян-Өлгий аймгийн иргэдийн төлөөлөл болж УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Т.Аубакир гишүүн тангарагаа өргөснөөс хойш 100 хоногийн хугацаанд УИХ болон сонгогдсон тойрогтоо хийж, хэрэгжүүлсэн ажлыг тоймлон хүргэж байна.


УИХ ДАХЬ АЖИЛ:

  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
  • БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН
  • БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН
  • ҮЙЛДВЭРЖИЛТИЙН БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮН
  • АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮН
  • ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮН
Чуулган, байнгын хорооны хуралдаанд тогтмол байр сууриа илэрхийлж байна. 

Т.Аубакир УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороо, ажлын хэсэг дэд хорооны хуралдаануудад оролцож иргэдийн амьдрал, мал аж ахуй, байгаль орчин, үндэсний цөөнхийн соёлын өв, хөдөө орон нутагт байгаа малчдын хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль зэрэг сэдвээр 15 удаа байр сууриа илэрхийлж, санал гаргасан байна.

Казахстанд гацсан иргэдээ эх орондоо ирэх боломжийг бий болгов

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст хандаж цар тахлын үед Казахстан улсаас эх орондоо буцаж чадахгүй байгаа иргэдийн асуудлаар холбогдох сайд нартай уулзан, шийдвэрлүүлж чадсан юм.

Байнгын хорооны гишүүний хувьд ажлын хэсэгт ажиллав
  • УИХ-ын гишүүн Т.Аубакир 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр "Тавантолгой түлш" компани болон Эмээлт зах дээр ажиллалаа.
  • Говийн аймгуудад өрнөж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан.
  • Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг олох, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор ажиллалаа.
  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд 2020.09.22 өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд өмнөговь аймгийн цогтцэций сумын нутаг дахь ухаа худаг коксжих нүүрсний ордын үйл ажиллагаатай танилцлаа.
  • Байнгын хорооны гишүүдийн хамт Оюутолгой ордын үйл ажиллагаатай танилцлаа.
АЖЛЫН ХЭСЭГ АХАЛНА

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх байнгын хорооны шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж ажиллах юм.

ТОЙРОГТОО ХИЙСЭН АЖИЛ:
ҮЕРИЙН УЛМААС ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН 4 ӨРХ ШИНЭ СУУЦАНДАА ОРЛОО

Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир өнгөрөгч 9 дүгээр сард тойрогтоо ажиллах үеэрээ Улаанхус суманд байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үерийн улмаас орон гэргүй болсон айлуудын нөхцөл байдалтай танилцаж, иргэдтэй уулзан, 4 айлын орон сууцны асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилсан. Эдгээр айлын орон байрууд ТИКА /Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг/-ийн төслөөр 2021 оны эхний улиралд багтан ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байсан юм. Харин 2020.10.24 өдөр тэдгээр 4 айлын орон сууц хугацаанаасаа өмнө ашиглалтад орж, айл өрхүүдэд байрыг нь хүлээлгэж өгсөн.

ТАРИАЛАНЧААС ХЭРЭГЛЭГЧДЭЭ ХҮРЭХ БОЛОМЖТОЙ БОЛГОЛОО

Баян-Өлгий аймагт Хөдөө Аж Ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор Хүнс Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай хамт тойрогтоо ажиллалаа. Аймгийнхаа Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлбэл цаашид олон өрх гэрийг орлоготой болгож, ажлын байр бий болгох, аймгийнхаа хүнсний дотоодын хэрэгцээг эрүүл хүнсээр хангаж, цаашдаа экспортлох бүрэн боломжтой юм. Баян-Өлгий аймгийн тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж тариаланчид болон хэрэглэгчдийг холбож өгөхөөр намрын ургацын үзэсгэлэн худалдааг Т.Аубакир гишүүн санаачлан, хүнсний ногоочдын борлуулалт хийх бололцоогоор нь хангаж өгсөн.

ГОВИЙН АЙМГУУДАД ӨРНӨЖ БАЙГАА ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУДАД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАЛУУСЫГ ОРОЛЦУУЛАХ САНААЧИЛГА ГАРГАН, 10 ЗАЛУУГ ДОРНОГОВЬ АЙМГИЙН МСҮТ-Д 200.000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРГАХААР БОЛСОН

Монгол Улсын Засгийн гараас хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн нэг бол Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын төсөл юм. Энэхүү том бүтээн байгуулалтад ажиллах мэргэжилтэй ажилтныг бэлтгэх зорилгоор өнгөрсөн жил Дорноговийн МСҮТ-д төмөр замын 5 мэргэжлээр тусгай анги нээсэн бөгөөд энэ хичээлийн жилээс Баян-Өлгий аймгийн 10 оюутанг тус МСҮТ-д сургахаар болсон. Дээрх МСҮТ-д суралцагчид нь сар бүр 200 мянган төгрөгний тэтгэлэг авахаас гадна суралцах хугацаандаа Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын төсөлд дадлага хийж, төгсөөд шууд ажлын байраар хангагдах ба суралцах чиглэлийн тухайд зүтгүүрийн туслах машинист, илчит тэрэгний засварчин, вагон үзэгч, өртөөний жижүүр, замчин зэрэг ангиудаас сонгон суралцах боломжтой.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 13 СУМ БОЛОН ӨЛГИЙ СУМЫН 9 БАГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА.

Баян-Өлгий аймгийн 13 сум, Өлгий сумын 9 багийн ард иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсож ажилласан. Иргэдийн зүгээс ажилгүйдэл, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, оршин суугаа газар, амьдралын тулгамдсан асуудал болсон авто зам, гудамжны гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, орчны бохирдол талаар саналаа гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Манай Баян-Өлгий аймагт дэлхий болон Монголд танигдсан Таванбогд, Хотонт Хурган нуур гэх мэт байгалийн онц үзэсгэлэнт газар байдаг. Сүүлийн үед гадаад болон дотоодын маш олон жуулчин зорин ирдэг болсон. Энэ жил гадаадын жуулчид ирээгүй байлаа ч гэсэн өнгөрсөн жилийн статистик мэдээгээр бол гадаад, дотоодын 13 мянга орчим жуулчин ирсэн байсан. Харин энэ жил 25 мянга гаруй дотоодын жуулчин ирсэн. Гадаад, дотоодын жуулчид ирэх нь орон нутгийн хөгжилд маш их хувь нэмэр оруулдаг юм байна. Улаанбаатараас алслагдсан Баян-Өлгий аймагт ажилгүйдэл маш их байдаг. Жуулчид ирэх нь аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад маш их хувь нэмэр оруулж, эдийн засгийг дэмждэг юм байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР ТАМИРЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөлсөн баг бол Баян-Өлгий аймгийн тамирчид байлаа. Тэд энэхүү тэмцээнд амжилттай оролцож 1 алт, 4 хүрэл медаль хүртсэн байна. УИХ-ын гишүүн Т.Аубакир Таеквондогийн Улсын Аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчидаа Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газарт хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХАМТ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020.09.28 өдөр Баян-Өлгий аймагт ажиллаа. Түүнийг УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Б.Бейсен, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд Зульфхар, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тилейхан зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллалаа. Уулзалтын үеэр УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжуудыг танилцуулж, ирэх намрын чуулганаар “Үндсэн хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг бодитоор хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Шүүхийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг 42 хуулийг шинэчлэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн тухай мэдээлэл өглөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭЛЧЭЭР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс тус санаачлагын дагуу УИХ-ын гишүүн Т.Аубакирийг "Залуучуудын элч"-ээр өргөмжилж, батламж гардуулан өглөө. Хөгжлийн газрын зүгээс Баян-Өлгий аймгийн хүүхэд залуучуудын ордонтой болох, мөн Баян-Өлгий аймгийн хөгжлийн газрын жилийн төсвийг нэмэгдүүлэх асуудалд онцгойлон анхаарлаа хандуулахыг хүслээ. Учир нь зэргэлдээ Говь-Алтай аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын жилийн төсөв 300 гаруй сая байдаг бол манай аймгийн хөгжлийн газрын жилийн төсөвт 90 гаруй сая төгрөгийг хуваарилсан байдаг байна.