Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдлээ
2012.03.09

Ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг шийдлээ

УИХ-ын 2012 оны гуравдугаар сарын 09-ны өдрийн ээлжит бус чуулганы үдээс өмнөх хуралдаанаар эхлээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ламбаа, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд нар тус тус танилцуулав. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу тавьсан асуултдаа, хуулийн хэрэгжилтийн он, сар, өдрийг яагаад заавал сонгоод байгаа юм бэ. Өдөр, сар тийм чухал юм бол өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж болдоггүй юм уу гэдгийг тодруулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн хэрэгжилтийг тавдугаар сарын 1-нээс тогтоох хоригийг хүлээн авч дэмжсэн. Мөн Ажлын хэсгээс хийх ажлууд бий. Хувийн сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтууд, тэдгээрийн бүртгэх, хадгалах журам боловсруулах ажлыг эрчимжүүлэн бэлтгэл ажлыг түргэвчлэх шаардлагатай гэсэн тайлбарыг Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өгөв.

Асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүд гараагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар, хуулийг 2012 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл 88,2 хувийн саналаар тус тус дэмжлэг авлаа. Ингээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 84,6 хувийн саналаар гишүүд баталсан юм.Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нараас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүслэн /-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Х.Бадамсүрэн танилцуулав. Хэлэлцүүлгийн шатанд өргөн хэрэглээний 10 нэр төрлийн барааны үнэ цаашид нэмэгдэхгүй гэх баталгаа байхгүй байгаа. Иймд үнийг тэнцвэртэй байлгах асуудлаар Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байв. Гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад 88,7 хувийн саналаар гишүүдийн дэмжлэг авч хууль батлагдав. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд 92,5 хувиар дэмжигдэж батлагдлаа.

Хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.Мөн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нар тус тус танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуудлыг хаалттай хэлэлцүүлэх горимын санал гаргасан. Учир нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хаалттай хэлэлцсэн. Үндэсний аюулгүй байдал, батлах хамгаалахтай холбоотой нууцын асуудал хөндөгдөх тул хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа тэрбээр хэлсэн бол УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх явцад улсын нууцад хамааралтай асуудал хөндөгдөөгүй. Харин Ж.Энхбаяр гишүүн өөрөө МАН-ын бүлэг, Байнгын хорооны гишүүдэд материал тараасан байсан нь хэвлэл мэдээллээр гарсан. Иймд нууцлаад байх зүйл байхгүй хэмээгээд чуулганыг нээлттэй үргэлжлүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдэж горимын санал гаргасан юм.

Гэвч горимын санал гаргасан хоёр гишүүн өөрсдийн байр сууриа хамгаалан мэтгэлцээн өрнүүлсэн. УИХ-ын дарга хэлэхдээ, Улсын Их Хурал процедураар санал хураалтаа шийддэг. Иймд та бүхний гаргасан горимын саналаар эхлээд санал хураалт явуулах нь зүйтэй. Энд хариуцлагын асуудал бий шүү гэдгийг анхааруулсан юм. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Р.Раш, Э.Бат-Үүл, Ш.Сайхансамбуу нарын гишүүд эл асуудалд нууцын зэрэглэлтэй зүйл огт байхгүй гэдгийг тайлбарлан саналаа хэлснээр цөөнх болсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт камер харж улстөржилгүйгээр асуудлыг ярилцана шүү гэдгийг анхааруулж, горимын саналаа татаж авснаар хуралдаан үргэлжилсэн.

Ингээд чуулганы танхимд Монгол Улсын Ерөнхий сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга болон бусад сайдуудыг байлцуулж асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Асуудлыг хэлэлцэх явцад гишүүдийн байр суурь зөрөлдөөнтэй байж, чуулганы хуралдаан асуулт хариултаар нэлээдгүй сунжрав. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай болсон. Иймд гишүүд одоо асуулт, хариулт явуулахдаа нууцын зэрэглэлтэй зүйл ярихгүй байхыг анхааруулья гээд, энэ бол хариуцлагын асуудал шүү гэдгийг сануулаад авсан. Гишүүдийн асуулт хариулт дууссан ч үг хэлэх гишүүд нэлээдгүй гарсан тул хуралдааныг түр завсарлуулж 15.30 цагаас үргэлжлүүлэхээр тогтов.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.