Д.Тогтохсүрэн: Отрын малчдаа эргэж, оторлож буй аймаг сумдын удирдлагуудтай уулзаад ирлээ
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
2021.01.20

Д.Тогтохсүрэн: Отрын малчдаа эргэж, оторлож буй аймаг сумдын удирдлагуудтай уулзаад ирлээ

Энэ жил Өвөрхангай аймагт хүндхэн зун болсонтой холбоотойгоор 15 аймгийн 134 суманд 1967 өрхийн 1 сая гаруй мал оторлож байна. Тус аймгаас сонгогдсон Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Г.Ганболд нарын гишүүд  шинэ оны өмнөхөн сумдын удирдлагуудтай хамтран Төв, Булган, Сэлэнгэ аймагт өвөлжиж байгаа отрын малчдаа эргэж, түлшний дэмжлэг үзүүлсэн. Харин энэ удаа бусад аймгуудад оторлож байгаа малчдаа эргэж, хөдөө орон нутагт ажиллалаад иржээ.

Энэ удаад гишүүд /2021.01.15-17/ Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь аймгийн сумдад оторлож буй малчдаа эргэж, өвс тэжээл, хүнс, эмийн багцын дэмжлэг үзүүлж, оторлож буй бүс нутгийн удирдлагуудтай уулзаад иржээ.

Харин Д.Тогтохсүрэн гишүүний хувьд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир нарын хамтаар Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан.Энэ ажлын хүрээнд Отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах хамтын ажиллагааны гэрээг тухайн аймаг, сумдын удирдлагуудтай Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газар байгуулсан. Малчдын зүгээс отор нүүдлийн хугацааг сунгах, хүүхдүүдийн хичээл, сургууль орох хугацааг цагаан сарын дараа хүртэл хойшлуулах, өвс тэжээлийн дэмжлэг авах зэрэг олон асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Гишүүдийн хувьд цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор ойр ойрхон хөдөө ажиллаж, малчин өрхүүдээ эргэж тойрох боломж хомс байгаа ч холбогдох дүрэм журмын баримталж, PCR шинжилгээнд хамрагдаж ажилласан. Цаашдаа ч малчдаа цагийн хүндийг давахад боломжит бүх нөхцөлөөр дэм болж, ажиллахаа илэрхийлж байсан. 

Аймаг, сумдын удирдлагууд газрын гарц, цагийн хүндийг дагаж, өөрсдийн нутгаас хэдэн зуун км хол оторлож яваа малчдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, боломжит хэлбэрээр дэмжин ажиллаж, өөрийн сум орон нутгийн малчидтай ойлголцох асуудалд онцгой анхаарч байгаа нь отрын малчдад үзүүлж байгаа том дэм юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn