Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төслийг баталлаа
2020.01.23

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ хуралдаанаар, ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж баталлаа. 

ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Ингээд Байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “хороогоор төслийг хянуулахаар оруулна” гэснийг “хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, мөн хэсгийн “хуульд заасны дагуу” гэснийг “Комисс хуульд заасан хугацааны дотор” гэж тус тус өөрчлөхөөр гаргасан саналын томьёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн гишүүдийн 58.5 хувийн саналаар төслийн 26 дугаар зүйлийн 26.1.7 дахь заалтыг “эрүү шүүлт явуулсан байж болзошгүй албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт уламжлах” гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувийн саналаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа.

Мөн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Заиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг гишүүдийн 61.5-65.4 хувь нь дэмжсэнээр төслүүд эцэслэн батлагдав.