Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакир ахална
2021.01.12

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакир ахална

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.12) хуралдаан 15 цаг 20 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Бейсен, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, О.Цогтгэрэл, Н.Ганибал нар ажиллахаар боллоо.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын нэр бүхий 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тариалахыг хориглож, импортлож байгаа хүнсний бүтээгдэхүүний найрлагад тодорхой хязгаарлалтыг тавьснаар Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг ханган хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих таатай орчин бүрдэнэ гэж үзэн хууль санаачлагчид нь энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.