П.Анужин: Ургамлын тос, өндөгний үнэ өсчихсөн байгааг мэдэж байна уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” мэдээллийг сонсож байна. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн П.Анужин “УИХ-ын хийх ёстой ажил нь асуулт хариулт юм уу? Бид даруйхан хуралдаад банктай холбоотой, иргэдийн зээлийн асуудлыг шийдвэрлэж яагаад болохгүй байгаа юм бэ? Өглөө, орой яв гээд түгжрэл үүсгэлээ. Өглөө хүнсээ цуглуулдаг хүн байхгүй. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэх ажил дутагдаад байна. Авч байгаа арга хэмжээ, амьдрал дээр хэрэгжихгүй байна.
Сонгинохайрхан дүүрэгт олон асуудал гарч байна. Нөөцийн махыг 18 килограммаар зарж байна. Өдрийн талхны мөнгөө яая гэж байгаа иргэд яаж энэ махыг авах юм бэ? Ургамлын тос өндөгний үнэ Сонгинохайрхан дүүрэгт өсчихсөн байгааг мэдэж байна уу? Эрүүл мэндийн төвүүдэд маск алга” гэлээ.
Шадар сайд Я.Содбаатар “Үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлд хяналтын байгууллагууд ажиллаж байна. Өсөлт гарч байгаа байгууллагуудын асуудлыг хүнсний хангамжийн шуурхай штаб дээр авч хэлэлцэж байгаа.
Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Цар тахлын голомтоо хумихын тулд хөдөлгөөний эрчимжилтийг 90 хувь бууруулах шаардлагатай учир замын хөдөлгөөнд зохицуулалт хийсэн” гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Бид нарын гаргаж байгаа алдаатай шийдвэрээс болоод иргэний амь нас хохирч болзошгүй. Төрийн зүгээс тодорхой арга хэмжээ авч байна. Иймд аж ахуйн нэгжүүд зохицож ажиллах хэрэгтэй.
Одоо байгаа нөхцөл байдлыг суллавал халдвар тархах магадлал өндөр болно. Тулгарч байгаа асуудлыг дотроо жижигхэн менежментийн ажил хийгээд шийдэх боломж аж ахуйн нэгж бүрт бий. Жижиг дэлгүүрүүд дээр хүндрэл гарч байгаа. Нэгдсэн хорио цээрийн дэглэм үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна” гэлээ.
ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Нөөцийн махнаас гулууз гаргаж байгаа асуудал нь иргэдийн хүсэлтэд тулгуурласан зүйл. Хүнсний дэлгүүрүүд дээр махны жижиглэнгийн худалдаа хэвийн явагдаж байгаа” гэж хариуллаа.