Хамба гэгээний хачин сонин явдлуудаас
2011.07.08

Хамба гэгээний хачин сонин явдлуудаас

Хантайширын нурууны баруун энд байх нэгэн өл халзан оргил дээр ёстой эрин галавын гэмээр эртний их тахилга бий. Нутгийнхан түүнээ Өвгөн овоо гэнэ. Манай өвөг дээдэс чухам энэ овоог үеийн үед сүслэн залбирч ирсэн. Овоон нурууны гэх Дашинчилэнгийн Тахилгыг Арын хүрээнийхэн буюу Засагт  ханы хүрээнийхэн дааж ирсэн бол энэ Өвгөн овооны тахилгыг өвөрт нь байх Хамба гэгээний хүрээнийхэн хариуцаж ирсэн гэдэг. Хамбын хүрээний туурь нь өдгөө энэ их овооны өвөрт, үелж буусан өргөн дэвсэг дөрөлж голлон түүхийн тамга болон үлджээ. Энэ нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг юм.


Энэхүү Хамба гэгээний хүрээ, түүний эргэн тойрны аж амьдралын тухай нутгийн хүү Л.Түдэв “Оройгүй сүм” хэмээх романдаа ихэд дэлгэрэнгүй өгүүлсэн. Харин энэ удаад нутаг нугынхны дунд байх аман домгоос хүргэе.

Хамба гэгээний хийдийг босгосон нь

Хийдийг 1700-аад оны сүүлчээр байгуулсан бололтой байдаг. Энэ талаар
түүхийн ямар нэгэн сурвалж бичигт тэмдэглэгдсэн нь таараагүй ч, энэ
баримжаа хугацааг гаргахдаа хууччуулын яриа, мөн Хамбын гэгээний
дүрүүдийн намтрыг үндэслэв. Хийдийг барихад тэнгэрт ер бусын бэлгэ үзэгдсэн гэдэг. Дорноос умардыг хүртэл тэнгэрийг нумлан тулсан солонго татаж, тэр солонгон замаар Лусын хаан луус хөллөсөн тэргээр хийдийг барьж босгоход шаардлагатай барилгын  материалуудыг зөөвөрлөжээ.  Үнэхээр хийдийн гол Цогчин дуган болон бусад дугануудын шат, довжоо,
нийтийн цугладаг талбайг бүхэлд нь хэдэн давхар үелсэн гантиг чулуун
хавтангуудаар барьжээ. Хожим коммуны жил болоход тэдгээр гантиг чулуун
хавтангуудыг ийш тийш нь зөөвөрлөн, малын хашаа барьж, бүүр хожим аймаг, сум байгуулагдахад үлдэгдлийг нь зөөж дуусгасан байна. Өнөөдөр Алтай хотын Ардын дуу, бүжгийн чуулгын довжоо, хуучин хотын захиргаа, Орон нутгийг судлах музей зэрэг олон байгууллагын үүдэнд буй нямбайлан зассан ялимгүй шаргалдуу өнгийн их бага янз бүрийн хэлбэр хэмжээтэй гантиг хавтангууд нь угтаа өнөөх домог ярианд дурдагдсан Лусын хаан лууст хөсгөөрөө зөөвөрлөсөн чулуунууд юм. Ийм гантиг чулуун хавтангууд нь мөн Халиун сумын төвд, тухайлбал сумын клуб, зочид буудал, захиргаа, дунд сургуулийн үүдэнд ч олноороо байдаг байлаа.

Хамбийн хийдийн ойр орчимд лавтай 100 гаран км тойрогт гантиг
олзворлочих газар үгүй юм. Харин хууч ярианд тэдгээр гантиг хавтангуудыг
Хангийн нуруу /Дэлгэр сумын нутаг/ -ны зүүн бэл болох Жон хавиас
олзворлон, тэнд нь засаж, янзлаад зөөвөрлөсөн гэдэг. Жонгоос Хамбийн
хийд ороход уул даваа даван, хад хавцал, гол ус гэтлэн явах шаардлагатай
ба оньст техникийн сураг ч сонсдоогүй тэр цагт эдгээр хүнд хавтангуудыг
байгалийн энэ саад дундуур хэрхэн зөөвөрлөсөн нь нэн бүрхэг. Байгалийн
саадыг тойрно гэвэл нэг бол хойгуур Баарингаар давж, Халиуны хоолойн
хойт талаас, эсвэл урагшаа Төмөрхавын үзүүрээр тойрч, Бигэрийн
хоолойгоор орж ирэх замтай. Энэ хоёр замын аль аль нь шулуун явсан замаа
хэд дахин уртасгана. Гэвч юутай ч тэр цагийн барилгачид тэдгээр олон
хүнд чулуун хавтангуудыг зөөвөрлөж чадсан л байгаа юм. Хасаг тэрэг
хэрэглэсэн болов уу гэлцдэг нь харин хамгийн ортой байх. Мисирийн цац
суврагуудын аварга том гантиг чулуудыг хэрхэн татсан талаар таамнал,
маргаанууд одоо болтол эцэслээгүй.

Гэтэл гантиг хавтангуудаас илүү сонирхолтой зүйл бас бий. Хийдийн гол
дуган нь гурван давхар өндөр, одоогийн Гандан хийдийн Мэгжиджанрайсигийн дуган шиг хэлбэртэй, дотор нь ороход уудам хүнхэр танхимийн орой нь тэртээ дээр харагддаг байсан гэдэг. Танхимын тулгуур болох дөрвөн лут том модон багана байжээ. 10 орчим насны хоёр банди хоёр талаас нь алдалж байж гар нь хүрдэг бүдүүн, 10 орчим метр өндөр тэдгээр баганууд элдвийняр салтар, өө сэвгүй шулуун бөгөөд энэ дөрвөн баганын суурь саяхан болтол байсан тухай ярилцдаг. Энэ дөрвөн мод Зэлийн голын У-тохой салаанаас доохни нэгэн хадны үе дээр зэрэгцэн ургасан байжээ. Моддыг тайрахад эхнийхээс нь цус, хоёрдахиас нь ус, гуравдахиас нь архи, эцсийнхээс нь сүү урсчээ. Нутгийнхан тэдгээр моддын үлдэгдэл хожуул бүхий хадны үеийг шүтэн биширч, залбирч ирсэн хийгээд баргийн хүн ойртожүзэхэд бэрх өндөрт байрласан тэдгээр моддын хожуул 1930-аад онд хийдийгнурахад гэнэтхэн ор мөргүй алга болчихсон гэнэ. Одоо энэ хууч яриаг мэддэг, эсвэл 1930-аад оны явдлыг нүдээр харсан хөгшчүүл тэр л салааны эхэнд, тэнд л байсан юм даа хэмээн асга, мод бутан дундаас муухан харагдах аль нэгэн хадан үеийг баримжаалан заах л болов
уу. Харин тэр хавцал хадны үеэс тэрхүү лужир том моддыг тэмээ байтугай
баргийн хасаг тэрэг ч гаргах боломжгүйн дээр ерөөс тэр хавь нутагт хасаг
тэрэг явах ямар ч боломжгүй бартаа саадтай билээ. Чухам тиймээс л
тэдгээр моддыг хийдийн гол дуганын багана болгохоор Лусын хаан луус
хөллөсөн тэнгэрээр зөөсөн гэсэн домогт олон хүн итгэдэг болов уу.

Хийдийн барилгуудын ханын гол үндсэн материал нь түүхий улаан тоосго,
мөн болсон хөх тоосго байжээ. Одоо хийдийн туурь хавьцаа хэлтэрхий улаан
тоосготой л тааралдаж болох хийгээд хөх тоосго нь ор мөргүй алга
болжээ. Хахын өрлөг нь одоо бидний мэддэг тоосгыг хэвтээгээр нь өрөх
биш, нимгэн далбагар тоосгыг босоогоор нь жишиж өрсөн нь бас
сонирхолтой.
Миний багад манай гэрт цэлдэн хөх өнгөтэй, ваар шиг хатуу гөлгөр
гадаргатай, няслахад төмөр мэт жингэсэн дуу гаргадаг хөх тоосгоны
хэлтэрхий байсан санагддаг. Хийдийн хөх тоосго нь тэр. Ханиад томуу
хүрч, бие халуурахад өнөөх хөх тоосгоны булангаас хэлтлээд нунтаглан
уулгаж байдагсан. Үр дүн сайн. Мухар сүсэг гэхээсээ илүү тэр тоосгоны
найрлаганд буй эрдэс бодисыг таньж мэдсэн олон жилийн ажиглалтын үр дүн  болов уу.

Хийдийн баруун хойно Чандмань нэртэй хүрэн улаан барсгар хадтай бяцхан
толгой бий. Цаг болоход хийд балгас болно, бас цаг нь ирэхэд хийд дахин
сэргэн босох болно гэсэн бошго лүндэнтэй юм гэсэн. Тийн дахин сэргээхэд
хэрэглэх 10 түмэн тоосгыг бэлтгээд дарж хадгалсан нь тэрхүү Чандмань
толгой юм хэмээн домогложээ. Мөн хийдийн гол гол дуган, барилгууд вааран дээвэртэй, ус зайлуулах системтэй, асар лавринтай байжээ. Вааран
дээвэрнийх нь үлдэгдэл хэлтэрхийнүүд саяхан болтол байсансан. Тэнгэрээр
нисэж яваа лууг товойлгон дүрсэлсэн тэдгээр хэлтэрхийнүүдийг нь эвлүүлж
тоглодог байсан бага нас минь гэрч болох байх аа.

Хийдийг босгох гол ажлыг 7 мужаан-барилгачин хийжээ. Ахлагч даа мужаан
нь хядад хүн байсан гэдэг. Тэр мужаан барилгын ажил дууссаны дараа засал чимэглэл хийж яваад гол дуганын хаалганы дээрээс унаж энджээ. Сайн муу ёр билгийн чухам аль нь, уран гарт, сайн үйлстний дурсгалыг хүндэтгэсэн хүндэтгэл байсан уу, эсвэл унаж эндсэн осол, түүнээс үүдэх хар хорыг цайлгасан хэрэг үү, бүү мэд, юутай ч тэрхүү өвөрлөгч эрийн хос шаахайг хаалганы самбараас өлгөж орхисон нь тэндээ зууныг элээсэн байна.

Хийдэд 13 их бага барилга байсны олонхи нь хожим нэмж баригдсан гэдэг.
Энэ нутгийн хүү Л.Түдэвийн “Оройгүй сүм” зохиолд чухам энэ хийдийн түүх намтар нэг чухал хэсгийг нь эзлэх билээ. ....

Хамба гэгээний хийдийн байршил

Лууль, шарилжны оёор нуугдан өнө мөнхийн зүүдэндээ умбан нойрсох Хамбын хийдийн туурь буй газрын байцыг тогтоон ажигласан хэн ч хийд, суурингийн шавыг тавихдаа бэлгэ ёр, уул усны байршил, нарны тусгал, хурын буулт, алсын хараа, ус чийг, нууцлал зэрэг нэн олон талаас нь шинжин шилж, гярхай чамбай ажиглан байж сонгодог байсан хуучин цагийн тэрх урчууд, мэргэдийн ухааныг эрхгүй бахдан шагших болно. Энэ газар бол Алтай хотоос баруун тийш 50 орчим, Халиун сумаас зүүн талд 20 орчим км зайд, Хантайширийн нурууны үелж буусан бэлийн дунд хавтгай дээр оршино.

Анхны шинжээчид үзээд “Ай, энэ бол арслангийн шил газар байна. Хорлолт
муу хүчийг эрх сүр, эрч хүчээр дарахын бэлгэ үзүүлсэн газар юм” гэсэн
гэдэг. Сайн ажваас үнэхээр хоёр талаас нь гүн жалга хашсан ялимгүй
төвийсөн халцгай довцогийн шил дээр хийдийн туурь шийрлэсэн агаад, уг
довцог доош буун намсан буй хэсгийн хоёр хацарт гэрийн буурийн чинээ
дугуйрсан хос дэрстэй. Хамбын хийдийг түм түжигнэсэн хөлтэй газар байх
цагт тэр хоёр дэрсний оёорт хос худаг байсан гэдэг. Одоо бол бараг ор
мөр ч үгүй эдгэрчдээ. Тэр хоёр дэрст хацраас ялимгүй доош уруудахад
өнөөх дөвцөгийн хоёр талаас хашсан гүн жалга уужуурч, дөвцөг ч намсан
нахийснаа гэнэтхэн бяцхан хадан толгой болон цогнойно. Хадан толгойн
бэлд хоёр жалга нийлжээ. Уг хадан толгойг арслангийн хамар гэнэ.
Нахийсан хэсгийн дээд хэсэгт буюу довцогийн хоёр хацарт байх дэрсийг
арслангийн хөмсөг гэнэ. Мэдээж хэрэг хос хоёр худаг бол арслангийн нүд
болж таарна. Харин халцгай ялимгүй дөвцөг бол арслангийн дух болох
бөгөөд үнэхээр итгэсэн хүнд хийд арслангийн шил дээр баригдсан мэт
харагдана.

Хийдийн арыг хана хэрэм мэт хүрээлэн хаших өндөр сүрлэг хадат
энгэрүүдийн эхээр Дээд даваа, Дандангийн эх болон Багшийн овооний хар
модод өнийн салхинд шуугин гунхах нь уурссан арслангийн зогдор мэт.
Хантайширийн нурууний өвөр бэлд үелж шаталсан хэлбэртэй уртаашаа 5
орчим, өргөнөөшөө нэг орчим км бүхий нэлээд уудам дөрөлж байна. Энэ
дөрөлжийн хуучин цагт Хамбын хийдийн дөрөлж, одоо бол Шаврын дөрөлж
гэнэ. Дээрх арслангийн шил мэт газар бол энэ дөрөлжийн тэхий дунд
оршино. Наран илч гэрлээрээ гэрэл өглөөнөөс үдэш болтол энэ бэл энгэрийг
харамгүй эвээнэ. Бусад жижиг төв суурингууд хаа холоос зэрэглээн дунд сүүмэлзэж, цайлалзан харагддаг бол Хамбын хүрээ тэгэж харагдахгүй, хоолой талаас Ханжаргалангийн нуруу, Хавцгайн бэл халхална. Угаасаа Өвгөн овооний бэлд байх тул Зүүн талаас нь бол Овоо, Зээгтийн бэлийн ирмэг дээрээс өнгийхгүй л бол харагдахааргүй нууцгай газар билээ.

Хамбын гэгээний дүрүүд

1932 онд жанч хальсан Хамбын гэгээн нь 4 дэх дүр байсан гэдэг. Анхны дүр
нь Цастын орноос залсан Хавчиг дүр гэж байжээ. Удаах Тойн дүр нь
хийдийг өргөжүүлэх, хөрөнгө санхүүг бэхжүүлэх талаар аливааг санаж
сэтгэж, Сартуул гүний нутгаас буюу өнөөгийн Завхан нутгийн нэгэн баянаас
өглөг өргөхийг хүссэнд “Хадны нэг муу ядарсан гэлэнд өргөх өглөг алга”
хэмээн хариу барьсан байна. Тойн дүр энэ үгийг сонсоод “За, өнөө тэр
өглөг авлагаа мартжээ. Авах юм аа авах л болно” гэж хэлээд төд удалгүй
өнгөрчихжээ. Хойт дүр нь гэтэл өнөөх баяныхаас тодорч, 7 настайд нь
гэгээнээр өргөмжлөн сэнтийд нь залахад 200 тэмээ ачаа дагалдан ирсэн
байна. Энэ дүрийг Тарган дүр гэх. Тарган дүр өнгөрөхдөө “Би шуналаас
болж тусгүй юм хийжээ. Одоо ядарсан нэгнийг тэтгэхгүй бол болохгүй нь”
гэж.

Гэгээн дүр төрсөн нь

Сүүлчийн Гэгээн дүрийн төрсөн тухай барим тавим тодорхой яриа бий.
Бурхан Буудай уулын Дунд голд Довууч нэртэй нэгэн барлаг эр баян айлын
хаяа бараадан хонь малыг нь эргүүлэн, цагааны шавхруугаар нь гол зогоон
амьдардаг байжээ. Довуучийн хөл хүндтэй эхнэр хөнгөрөх дөхсөн хаврын
сүүл сард баяных буудал сэлгэн зусландаа нүүж гэнэ. Гэхдээ төд удалгүй
хөнгөрч бүл нэмэх гэж буй Довуучийнхийг ажилд нэмэргүй, аманд нэмэртэй
болно хэмээн тээршааж, хар буудал дээрээ хаясан байна. Зусланд буугаад
удаагүй байтал баяны адууны манааны хоёр хүн хар үүрээр давхилдан ирж,
өнгөрөгч үүрээр Довуучийн гэрт ер бусын ер бусын гэрэл гэгээ цацарсныг
харснаа баян өчжээ. Баян угийн хэрсүү хашир бодолтой хүн байж, “Энд нэг л
жиг ургалаа шүү, Довуучийн хүүхнээс бурхан төрсөн байж болох” гэсэнд
эхнэр нь эгдүүцэж, “Очиж очиж барлаг Довуучийн сэгсгэр хүүхнээс бурхан
төрдөг юм бол би хар хошногоороо адис авна” хэмээн даналзжээ. Тэднийг
ийн хэлцэж байх завсар Довууч гол өгсөн саваа аравчилчихсан ирээд,
“Эхнэр төрөөд, шөлний юм хайрлана уу” гэсэнд баян эр “Шөнө танайд юун их гэрэл, гал болов” гэж тандан асуув гэнэ. Довууч ч бас хэрсүү нэгэн
байж, “Ээ, эзэнтэн минь, мунгинуу би эхнэр төрөх нь гээд сандарч байгаад
овоолттой аргалдаа гал оруулчихсан юм” гэсэнд баяны эхнэрийн бах нь
ханаж, харин хашир баян эр дахин тандахаар шийдэж, “Нэгэнт хүн бүл
нэмсэн бол нүүгээд ир дээ” хэмээгээд, ачлаганы ганц тэмээ, бас бусгаж
булгидаг адаар ааштай морь өгөөд явуулжээ. Оройхон Довууч муу панагаа
тэмээнд нь ачаалаад, эхнэрээ хүүхдийг нь тэврүүлэн өнөөх ардаг зантай
морийг нь зайдлуулаад хөтөлчихсөн иржээ. Догшин морь нь элдвийн адсага
хөдөс хөглөрүүлсэн атлаа үргэж бусгахын шинж ч үгүй явааг хараад баян эр
“За тэр, энэ Довуучийнхаас эгэлгүй хүн төрсөн бололтой” гэсэнд эхнэр нь
аанай л ширэв татаж “Хар хошногоороо адис авна даа” хэмээн дахин
тавлажээ.

Хамбийн хийдийн тэргүүн лам нар гэгээний тойд дүрийг тодруулах цаг
боллоо хэмээн шогло хаясанд зүг чиг нь Бурхан ууланд таарчээ. Тэр ууланд
төрсөн хүүхдүүдийн дунд судалгаа, тандалт хийхээр гэгээний өмнөх
дүрүүдийн хэрэглэж байсан даалин, хөөргө тэргүүтнийг өвөрлөсөн нэгэн
тандуул лам аялахад өнөөх барлаг Довуучийн хоёр настай хүү Гэгээний
хөөрөг даалинг хараад “Ац, миний юм” хэмээн шууд л булаацалдаж эхэлсэн
гэдэг. Таван настайд нь дахин шалгаад, мадаггүй болохыг тогтоон, 7
настайд нь Гэгээн дүрийг ширээнд нь залж, их найр наадам үүсгэсэнд ойр
хотлынхон бүгдээр шинэ гэгээнтнээс адис хүртэхээр цуглаж гэнэ. Өнөөх
баян ч эхнэрээ дагуулан иржээ. Эгнээ эгнээгээрээ суусан мөргөлчдөд
долоон настай Гэгээнтэн адис хүртээхдээ өнөөх баяны эхнэрийг алгасчихаад
болсонгүй, мөргөлчдийн эхэнд суугаад ч, адаг нь сэлгэж суугаад ч нэмэр
болсонгүй. Баяны эхнэр гутарч уйлаад хэлгүй болчихжээ. Хүний амнаас гарч
буй сайн муу үг хэл зөн билгэ, ёр совингийн анхдагч болдог хийгээд
хэзээ ямагт үйлийн үрийг дагуулж байдгийн нэгэн жишээ энэ болов уу.
Харин Довуучийнхийг Бурхан уулнаас нүүлгэн зүүн талд гаргаж, одоогийн
Хөхморьтын амны хойхно байх нэгэн аманд нутаг олгож буулгасан нь одоо ч
Довууч гэсэн нэрээ хадгалж явна.

Хамба гэгээн ба Мундаг Совд

Совд нэрт, Мундаг хочит, энэ хочоо ч бүхий л талаар илтгэсэн эр бяртай,
гүдэс шулуун нэгэн эр Хамба гэгээний буурч-тогоочоор олон жил болжээ.
1930-аад оны эхээр гэнэтхэн Хамба гэгээнтэн лам нараа хар болгон тарааж,
жасынхаа хэдэн агуулахуудын эд барааг нэг бүрчлэн тоолж, данслаад бүх
данс, түлхүүрүүдийг өөртөө хураан авчжээ. Үүнд нь Мундаг Совдыг эгдүү
хөдөлж, энэ хөгшин гэлэн зөнөөд биднийг хулгай хийнэ гэж бодоод байгаа
юм байх даа хэмээн боддог болж гэнэ.

Гэгээнтэн мөн ойр дотно хүмүүсээ нэг нэгээр нь дуудаж уулзаад эхэлсэн байна. Тэднээс
- За юу хийе гэж бодож байна хэмээн нэг л зүйлийг асууна. Нөгөөдүүл нь ч
- Гэгээнтэн минь та л мэднэ шүү дээ гэж хариулцгаадаг байж.
Үүнийг сонссон Мундаг Совд гэгээнтнийг зөнөөд биднийгээ хулгай хийх нь хэмээн хардаж байна гэсэн бодолдоо улам итгэх болж.
Тогооч хүн яах аргагүй дотнын хүмүүсийн нэгэн болох тул Мундаг Совдын ээлж ч болов.

  • За Совдоо, чи яая гэж бодож байна гэхэд Мундаг Совдын өнөөх эгдүү нь асч,
  • Хулгай хийе л гэж бодож байна гэжээ. Гэгээнтэн
  • За, за л гэж. Өөр юм хэлсэнгүй.

Удалгүй гэгээнтэн хоёр гэр бариулж, хоол унд бэлдүүлж зэхээд байтал нэг
өдөр урд Зээгтийн бэлээр шовгор оройтой хурган малгай өмсөж, винтов
үүрсэн долоон морьтон иржээ. Хавар цаг байсан гэдэг. Гэгээнтэн тэднийг
хадаг яндар барин угтаж, бэлтгэсэн гэртээ оруулан, хүндэтгэн цайлж
дайлаад, жасынхаа хамаг агуулахыг онгойлгон, эд бараагаа данс хараар нь
тоолж хүлээлгэн өгсөн байна. Уг нь тэр Дотоодын хамгаалахын долоон хүн
Гэгээнийг баривчлах зорилготой ирсэн болов уу гэдэг. Тэд Гэгээнтнийг яаж
ч чадсангүй, хүлээлгэж өгсөн эд хөрөнгийг нь лацдаж түгжээд
буцацгаажээ. Тэднийг буцсаны дараах гурав дахь үдшээр, жаргах нарны туяа үмийн алтан ганжирт наадан эрхэлж байх үест гэнэтхэн гол цогчин
дуганын оройн ар хэсгээс хэсэн газар эмтрэн унаж, түүнтэй зэрэгцэн
“Гэгээнтэн жанч халилаа” гэсэн шуугиан хүрээгээр нэг тархан, хүмүүс
залбирч, уйлах нь уйлж, сөхрөн унах нь унацгааж...
Цогчин дуганы эмтэрч унасан хэсгээс бөөн гал гарч, Бурхан уулыг
чиглэсээр алга болон замхарсныг хүрээнд байсан хэдэн зуун хүн бүгдээр
харсан байна. Гэгээнийг өнгөрснөөс хойш долоохон хоногийн дотор Гэгээний
ойр дотнын хүмүүс бүгд амар тайван нас баржээ. Тэр ч бүү хэл Гэгээний
ямагт эрхлүүлж байдаг долоон хав ч цуваад өнгөрчихөж. Харин ойр
дотныхноос нь ганц Мундаг Совд л үхсэнгүй. Бүүр хожим насны туйл болсон
хойноо Совд гуай “Иш чааваас, тэгэхэд би бусад шигээ Гэгээнтэн минь та л
мэд гэх минь яав даа. Тэгсэн бол одоо Гэгээнтэйгээ хамт л явж байхгүй
юу” хэмээн үглэж, толгой руугаа ихэд түншин, уйлдаг байжээ.

Хамба гэгээн ба Сүрэнжав дүвчин

Хамбын хийдэд Сүрэнжав дүвчин гэж мундаг эрдэм чадалтай дүвчин хүн байж  дээ. Зарим хүн түүнийг Хамба Гэгээний төрсөн дүү нь ч гэдэг. Сүрэнжав  дүвчин буугаагүй үед дуулга малгайны ирмэг нь хоёр мөрийг нь цохиж,  сагалдрага нь хэнхдэгээр нь татаж байдаг, буугаад ирэхэд өнөөх
сагалдрага нь эрүүгээр нь шигдээд орчихсон харагддаг байсан гэдэг. Хөөж
томордог байсан гэсэн үг. Бууж байхдаа сэлэм жадыг гартаа төмөр утас шиг
ороон томдог, хооронд нь дээс шиг зангидаж орхисон хос илд Гэгээний
лаврингийн үүдэнд хэвтэж байдаг. Мөн том жад авч, ирийг нь гэдсэндээ
тулгаж бариад хана руу хүчтэй мөргөхөд ар нуруугаар нь жадны үзүүр
цустай гарч ирдэг, түүнээ суга татаад хаядаг гэх мэтчилэн их л шид
үзүүлдэг. Тэрээр дүвчин байгаад зогсохгүй элдэв өвчин зовлонг анагаах
арга увидасаар гүйцэгдэшгүй нэгэн байсан гэдэг. Хүний эрүүг зааж,
хоолойных нь буглааг аваад, буцааж эдгээж байсны гэрч завжнаасаа шанаа
хүртлээ нарийн улаан сорвитой хүн мэр сэр байсан гэдэг. Мөн энэ нутагт
цоохор хүмүүс цөөнгүй байсан нь Сүрэнжав дүвчин цагаан бурхан, улаан
бурхантсан хүмүүсийг өөрөө тарилга хийн тарьж эдгээж байсны ул мөр
гэлцдэг.

Хамба гэгээн ба Салга Нэйл

Сүрэнжав дүвчиний эрдэм чадлыг Богд хаан сонсоод түүнийг дэргэдээ
авахаар дуудуулжээ. Дүвчинтэн шавь, дотныхоо хүмүүсийг дагуулан хүрээ
явах замд Арвайхээр орчимд гэнэт бие нь ихэд муудав гэнэ. Дүвчинд хэдэн
чадалтай шавь байж, тэд юунаас болов хэмээн мөнгө цутгаж үзтэл хараал
ирсэн байжээ. Шавь нарт нь тэр хараалыг буцаах чадал хүрсэнгүй,
Дүвчинтэнд бараалхаж, “Та энэ хараалыг хариулна уу” гэж гуйсанд
“Хэрэггүй, хэрэггүй. Манай зиндааныхнаас л ирж байгаа юм. Энэ муу жатга
хараалыг хариулбал нутаг оронд маань л гай гамшиг болж унана” гээд
халгаасангүй байсаар өнгөрчихөж гэнэ.

Сүрэнжав дүвчнийг замдаа эндсэнийг сонсонгуут Хамба гэгээн “Тэр Нэйлийг
дууд” гэжээ. Нэйл ч хүрээд ирж. Гэгээнтэн “Чи хө, яах гэж ганц сайн
дүвчингийн минь араас жатга гүйлгэв” гэсэнд Нэйл “Сүрэнжав бид хоёр нэг
зиндааных, эрдэм чадлын хувьд бид ойролцоо. Гэтэл тэр Богд гэгээнтэнд
тоогдсонд хор төрж, би тэссэнгүй жатга илгээсэн билээ” хэмээн үнэнээ
өчсөн байна.

Гэгээн “Эрдэм гэдэг ирт мэс шиг. Энэ мэс сэтгэлд номын гэгээ тусч, нинж
төрөөгүй хүний гарт орвол хүнийг авардаг биш алдаг мэс болно. Түүнийг ч
чи үзүүллээ. Адилхан эрдэм чадалтай атал чамайг биш Сүрэнжавыг сонгосны учрыг чи одоо ойлгож байна уу” гэсэнд Нэйл “Ойлгож байна аа” гэж. “За,  тийм байдаг байж. Үнэнээ хэлсний төлөө амийг чинь үлдээе. Алив наашаа  тонгой” гэсэнд Нэйл тэрхэн зуур тонгойж, Гэгээнтэн ч гартаа байсан  эрхээрээ духанд нь нэг хүрээд “Одоо яв яв” гэжээ. Нэйл Гэгээний
лаврингаас гарангуут довжоон дээр нь дэвхцээд эхэлжээ. Тийнхүү Эрдэмт
Нэйл маань Салга Нэйл болов. Нэйлийг унтаж байхад нь ч хоёр хөл нь дэп –
дап, дэп – дап гээд савчиж байдаг, явахдаа биеэ хурааж хурааж, доороо
дэвхчиж дэвхчиж байгаад үүд хоймрын зайд хар гүйхээрээ яваад харуулдаж
унадаг, нүүр өөдөө цацчихдаг учир аяганд цай ууж чаддаггүй, ямагт ус
дүүргэсэн том тогоонд толгойгоо дүрж байж уудаг, хоолыг нохойн идүүрт
хийж өгөхөөр нэг гараараа нөгөөгийнхөө шуунаас тас зуурч байгаад анаж
анаж өнөөх хоолыг базаад авдаг, түүнээ ам руугаа мөн л бага багаар
ойртуулсаар гэнэтхэн ам руугаа цацаж, тал хагасыг нь үмхэж авдаг зовлонт
болжээ. Гэгээнтэний хүссэнээр Нэйлийг Хүрээнийхэн ээлжлэн аль сайнаараа
хооллож, ундлан, хувцаслаж байв. Зарим дэггүй банди нар зүггүйтэн
хэвтэж буй түүн дээр мордчихоор дэп – дап, дэп – дап гэн тэмээ тавчиж
буй мэт дээш нь хөөргөн зугаацуулдаг, бас зарим нь түүнд тавьж өгсөн
хоолыг нь булааж иддэг ч байсан гэдэг. Тэгэж явсаар хогийн ганганд
золбин нохдын дунд өнгөрчээ.

Харин “Энэ Нэйл хүйтэн мэсийг тавихааргүй атгажээ. Мэсийг нь дахин
хэрэглүүлэхгүй байх өөр арга олдсонгүй дээ” хэмээн Гэгээнтэн энэ тухай
ойр дотныхондоо учирласан байна.

Хамба гэгээнтэн Ховдыг чөлөөлөх дайнд оролцсон нь

1911 онд Ховд хотыг Манж-Хятадаас чөлөөлөхөөр Хатанбаатар Магсаржав
Засагт ханы хүрээгээр дайран өнгөрөхөд Гэгээнтэн “Энэ их үйл хэрэгт гар
бие оролцох учиртай” хэмээгээд шавь нараасаа 49 хүн аван Хатанбаатарыг
даган морджээ. Ховдыг чөлөөлсөн түүхийн бичиг зохиолууд, сүүл үеийн
судалгаануудад Хамба Гэгээний нэр таардаггүй нь түүнийг энэ хэрэг явдалд
огт оролцоогүй гэсэн үг хараахан биш байх. Жалханз Хутагт, Хатанбаатар,
Манлайбаатар, Дамбийжаа, Хайсан гүн, Баяр гүн зэрэг монгол даяар нэр нь
дуурссан олон нэр цуутай хүмүүс оролцсон энэ үйл явдалд Хамба гэгээнтэн
төдий л голлох үүрэг рольтой оролцоогүйгээс нэр нь дурдагдаагүй болов
уу. Гэвч нэг ийм яриа байдаг. Ховдыг чөлөөсний дараа энэ үйл явдалд
оролцогсдыг Богд хаан шагнан, заримд нь нутаг газар олгож, заримд нь эд
хөрөнгө, заримд нь хэргэм зэрэг хүртээжээ. Богд хаан Хамба гэгээнээс
чухам юу хүсч байгааг нь асуулгасанд “Би угийн харц язгууртай эгэл лам
билээ” гэсэн хариу өгчээ. Богд хаан “Аа, энэ хүн чинь хэргэм зэрэг хүсч
байгаа юм байна” гээд тогосын отго, бэйс хэргэм хүртээсэн гэнэ. Хамба
гэгээн 1912 онд Богд хаанаас тогосын отго, хэргэмээ хүлээн аваад Ховдын
Орос Консулын газарт авхуулсан зураг нь өнөө энэ үйл явдлын гэрч болон
үлдсэн билээ.

Хамба гэгээнийг Богдоос өндөр хэргэм хүртсэнд зарим хүн дуртай
байсангүй. Баяр гүн найр наадам үүсгэн Гэгээнийг урив. Гэгээний сойвон
нь муу юм болохыг мэдээд, Гэгээнийг нэг бол найранд очихгүй байх, эсвэл
49 цэргээ дагуулж явах хэрэгтэй гэсэнд Гэгээн харин ч бүр ор ганцаар
очих нь зөв гэж зөрсөөр ганцаар очжээ. Гэрт ортол гэрээр дүүрэн цэрэг
эрс суусан байж гэнэ. Дээшээ дээшээ гэсээр хоймор гаргаад цай цүү болж,
сархад сөгнөв. Гэгээн хэт хутганыхаа зааны ясан хос савхыг сугалан
аягатай сархдыг хутгасанд савхнууд цуу цуу үсрээд харлажээ. Гэгээн “Аа,
тийм бий” гэж хэлчихээд, аягатай сархадыг тавьж босчээ. Гэрээр дүүрэн
суусан эрчүүд түүнийг барьж авахаар дайрсан боловч хий самардсаар
байгаад яаж ч чадсангүй гаргаж, араас нь гарч тойрч шаваад ч барьж авч
чадсангүйд тал талаас нь буудаж гарчээ. Гэгээн ер юу ч болоогүй юм шиг
алхсаар уяа руу очин мордоод шогчихсонд Баяр гүнийхэн морины уяан дээр
мэл гайхан үлджээ. Гэгээн эргэж ирэхэд дээл нь сархинаг болчихсон, бүсээ
тайлсанд өврөөс нь сум шархийн асгарч байсан гэдэг. Сойвонгийнхоо
зөвлөснөөр найранд очоогүй бол хүнийг хий хардсан болох, хэрвээ 49
цэргээ дагуулж очсон бол зэвсэгт мөргөлдөөн болж, монгол ахан дүүсийн
цус урсах байжээ. Ер Гэгээнийг дагаж Ховдыг чөлөөлөх тулалдаанд
оролцохоор явсан 49 хүнээс нэг нь ч шалбараагүй эргэж ирсэн байна.

Хамба гэгээн ба Дамбийжаа

Жаа лам баруун хязгаарт ид хүчээ авч байх үедээ манай нутгаар иржээ.
Баруун хязгаарын бараг бүх хошуу ноёд түүнд албат иргэд, адуу мал, алт
мөнгөөр өргөл өргөж байсан цаг. Зарим нь хошуу нутгаасаа ч таслан өгч
байв. Жаа ламын хэрцгий догшин, түрэмгий эрээгүй занг сонсож мэдсэн
хүрээнийхэн ирж яваа сургаар нь сандран, Гэгээнээсээ “Одоо яах вэ” гэж
асуусанд “Үйлийн үр нь боловсорч ханасан хүн юм. За яах вэ, аахар шаахар
юмаар хуураад явуулчихаас” гэжээ.

Гэгээн Жаа ламыг хүлээн авч, хэсэгхэн зуур ярилцаад ёстой яль шалигүй бэлэг өгөөд явуулчихаж. Жаа лам ч илүү  дутуу юм нэхсэнгүй, Сүмийн дөрөлж өнгөртөл номхон тэмээ шиг л явж дээ.

Нурамтийн хавцал руу орохдоо л гэнэтхэн уурсан галзуурч эхэлсэн гэдэг.
Жаа ламыг нэг хошуунаас нөгөө хошуу хүрэхэд нь тухайн хошууны хамгийн
хүч, чадалтай хүмүүс нарнаас халхлах цацрыг нь барьж хүргэж өгдөг
байжээ. Манай хошуунаас явахад нь Халзан Хамар, Бөх Ваанжил гэдэг хоёр
хүн тэрх цацрыг нь барьж, Толь гүний хошуунд хүргэжээ. Тэр цацар гэдэг
нь бүдүүн модон иштэй, олон давхар өнгө өнгийн даавуугаар сагалдарлуулан унжуулсан багагүй жинтэй эд байдгаас хол газар морин дээр барьж явахад  их хүнд, өнөөх Халзан Хамар, Бөх Ваанжил хоёр нэгхэн удаа гар сэлгэхдээ  цацрыг нь ялимгүй гудайлгаж орхисонд Жаа ламтан хилэгнэн ташуурдаж  байсан гэдэг.

Жаа лам ойр тойрны хошууныхнаас олон хүнийг шавиа болгон, алс холын
Маажансан уулруу дагуулан явахдаа Хамба гэгээний шавь нарт л халдаж
чадаагүй ажээ.

Хамба гэгээний шарилын давс

Гэгээнийг жанч халсны дараа шарилыг нь өмнөх дүрүүдийн нэгэн адил
занданшуулжээ. Чухам ямар арга технолгиор занданшуулдаг байсан юм бол
доо, юутай ч өмнөх гурван дүрийн шарил хийдийн нэгэн дуганы буланд
байсан хийгээд, тэдгээр шарилууд модон хайрцган дотор ер үхсэн шинжгүй,
залбиран суугаа мэт байдалтай харагддаг байсан гэдэг. Тэрх модон хайрцаг
том том ширхэгтэй улаан давстай байж. Намайг багад бие өвдөж, хүндрэхэд
аав эрхий хурууны хумсны толионоос томхон хэмжээтэй тэгш өнцөгтэй,
улаан өнгөтэй давс гарган долоолгов. Их өмхий үнэртэй байсанд учрыг
лавлавал Гэгээний шарилын давс гэж билээ. Ийм юм сонссон би дахиж тэр
давсыг долоогоогүй. Тэр давсыг ойр зуурын өвчнийг гаргадаггүй
эдгээчихдэг гэдгийг хууччуул ам нийлэн баталдаг юм. Олон ч хүн тэр улаан
давснуудын хүчинд өвчнөөс ангижирч байсан хэмээн ам шүд алдаж байхыг
сонсож байлаа.

Юутай ч Хамбын гэгээний дөрвөн дүрийн занданшуулсан шарил байсан хийгээд түрүүчийнх нь бараг 150 орчим жил чанар нь өөрчлөгдөөгүй хадгалагдаж  байсан гэхээр өдгөө нууц нь алдагдсан ямар нэгэн арга технологи байсан  хэрэг. Харин хийдийг тарсны дараа тэр дөрвөн шарил гэнэтхэн алга болчихжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.