"Черкизийн зах" гэхээр 90 оноос хойш Москвад сурч, ажиллаж, наймаа хийж явсан Монголчууд андахгүй. 2009 онд энэ захыг хаасныг ч гадарлаж байгаа биз. Цагтаа энд ёстой л хүний хар нүднээс бусад нь байсан гэгддэг.
Ингээд бидэнд сургамжтай болуужин гээд энэ “нэр хүнд”-тэй зах яагаад хаагдсан тухай болон эзэн ноёныхон талаар мэдээлэл бэлтгэсэн болно.
Шинэ тутам зах зээл рүү хөл тавьсан Оросуудын хувьд 1990 онд болсон томхон үйл явдлын нэг бол Москва хотын Измайловын хэсэгт гадна талаасаа харвал багахан талбайтай багавтар зах байгуулагдсан юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уг захыг “Черкизон” гэсэн этгээд хэллэгээр нэрлэж заншснаар уг зах энэ нэрээрээ олон түмэнд танигдаж эхэлжээ.
“Черкиз” явцын дунд улам өргөжин тэлж, “Старый АСТ”, “Новый АСТ”, “Малый АСТ”, “Новая Евразия”, “Трейдикс” зэрэг 12 худалдааны бүсийг хамарсан зүүн европт эхний байранд жагсахуйц 200 га газрыг эзэлсэн том зах болсон байна.
Тэнд юу байв...
ОХУ-ын ЗГ-ын албан ёсны хэвлэл “Оросын сонин” Черкизийн захыг хууль бус цагаачлагчдын оромж, контрбандын таваар борлогддог, хууль хэрэгждэггүй “хар нүх” гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш юм. Тэнд эрүүл ахуй, галын аюулгүй байдлын наад захын шаардлага хангадаггүй. ОХУ-ын хууль бус бараа эргэлтийн тал хувийг дангаар эзэлж байсан гэнэ. Борлогдож буй бараа таваар үндсэндээ контрабандын таваар байжээ.
Газар дээр харагдах захын эзлэх талбайгаас гадна, газар доогуур бүхэл бүтэн амьдрал буцалж байсан байна. Дайны үед цэргийн зорилгоор барьсан хонгилуудад бараа таваарыг хадгалахаас аваад, агааргүй, ариун цэврийн өрөөгүй, бохир заваан хонгилуудад модон нааран дээр хэдэн арваараа зулж унтдаг хүн орогнох газар “буудлууд” байршиж байж.
Зах дотор хөдөлмөрийн хуваарилалтад орж хөнгөн, оёдол, үйлчилгээний ажлыг вьетнамууд, худалдаа арилжааг хятадууд, хүнд хар ажлыг тажик, дундад азийнхан хариуцан явуулдаг байжээ.
Хууль бус бараа таваарыг гаднаас зөөх, тээвэрлэх, татвараас бултуулахаас аваад хууль бус цагаачдыг оруулж ирэх, байршуулах чиглэлээ төрийн албыг хэрсэн бүхэл бүтэн авилгалын сүлжээ ажилладаг байсан аж. Энд гуанз, хоолны газар, зочид буудал, массаж, биеэ үнэлэгчдийн газар ер байхгүй юмгүй бүхэл бүтэн улс оршиж байв. Бүр үнэт цаасны тусдаа систем үйлчилж байсан гэдэг.
Захын нууц талбарын нэг хэсэг бол хар тамхи. Тэр Дундаа азиас орж ирсэн хар тамхины үлэмж хэсэг энэ зах дээр төвлөрч, цаашид жижиглэнгийн худалдаанд хуваарилагдаж байжээ. Уг захыг хаах, худалдаа эрхэлж буй газрыг цэвэрлэх тухай шийдвэрийг Москвагийн шүүхээс 2001 оноос хойш гурван ч удаа гаргасан ч үргэжлүүлэн ажилласаар байлаа. Энэ хугацаанд эрүүл мэндэд хортой гэсэн шалтгаанаар хэд хэдэн удаа бараа бүтээгдэхүүн хурааж устгалд оруулсан байдаг.
Хаах шийдвэрийг хэрэгжүүлж чадахгүй байсны шалтгааныг захын талбайн 20% нь осква хотын мэдэлд, үлдсэн ихэнх тал нь Холбооны улсын буюу Оросын биеийн тамир, аялал жуучлалын их сургуулийн мэдэлд байсан нь нөлөөлж байсан гэх албан ёсны мэдээлэл бий. Ингээд 2009 онд Засгийн газрын тэргүүн В.Путины хууль хамгаалах байгууллагын удирдлагуудад хууль бус наймаатай тэмцэх тухай тушаал гарсанаар сая нэг захыг хааж чадсан байна. Тус их сургуулийн захиралд эдэлбэр газрын эрх мэдлээ ашиглан түрээслүүлсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Үүнээс болж улсад 77.6 сая рубль буюу 2.6 сая долларын хохирол учирсан гэж тооцсон байна.
2006 онд уг зах дээр дэлбэрэлт болсоны улмаас 14 хүн үрэгдэж, 61 хүн шархджээ. Уг хэргийг оросын үндэсрхэг үзэлт залуучууд зохион байгуулсан нь тогтоогдсон байна.
Захыг хаасны дараагаар...
Захыг хааснаар ажлын байргүй болсон цагаач иргэд хэд хэдэн удаа үймээн гаргахаар оролдсон байна. Уг зах Оросын цагаачлагчдын холбооны мэдээгээр 100 гаруй мянган хүн ажиллаж байсны 60 мянган нь хятадын худалдаачид байсан гэдэг.
Орос дахь хятадын хамгийн том захыг хаасанд Бээжин дургүйцэж, улмаар хариу арга хэмжээ болгон Бээжин дэх “Ябаолу” оросын худалдааны дүүргийн үйл ажиллагааг зогсоож байсан юм. Хятадын гадаа худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Яо Цзянь захыг хаасан нь тус зах дээр ажилладаг олон арван мянган хятадын бизнесүүдийн хувьд том хохирол учруулсан гэж мэдэгдээд хятад худалдаачид оросын дотоод зөрчилдөөний золиос болсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Ажлаа алдсан хятад иргэд амиа хорлоход хүрсэнийг мөн дурьджээ. Мөн шинэ орчин үеийн стандартад нийцсэн зах барихад 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Захыг хааснаар Оросын нутгаар хөндлөн гулд эзэлсэн төмөр замын станцуудад ирдэг байсан хятад, дундад азийн дамын наймаачдад хүнд цохилт болсон гэдэг ч дамын наймаачдын их урсгал зогсохгүй байгааг албаны эх сурвалжууд хэлдэг.
Киргизийн үйлдвэрлэгчдийн холбооны орлогч захирал Адыл Садыков БНКУ-ын хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 40% нь Черкизийн зах дээр борлогдож байсан гэж тооцсон байдаг.
Хэдийгээр муу нэртэй ч Черкизийн зах нь шилжилтийн нөхцөлд дампуурсан хөнгөн аж үйлдвэрийн орон зайг нөхөж, бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж байсныг огт үгүйсгэж болохгүй. Нэг үгээр, тэрээр оросын нэг хэсгийг хувцаслаж байсан юм. Зарим тооцоогоор тэнд нэг өдөрт 1 сая хүн үйлчлүүлж, 1 сая доллар элбэг эргэлддэг байсан гэдэг.
Одоог хүртэл захын нэг хэсэгт эрүүл мэндэд аюултай, хууль бус гэж тооцогдсон нийт 100 мянган тонн бүхий 2 тэрбум доллартай тэнцэх хэмжээний эзэнгүй бараа таваарыг одоог хүртэл устгаж дуусаагүй байгаа гэнэ. Захын эзэлж байсан талбайг бүрэн цэвэрлэж биеийн тамир, эрүүл мэндийн цогцолбор барьж эхэлсэн юм. Захыг хааснаас хойш худалдаачид нь Москвагийн бусад худалдааны төв, захуудад таран байрласан гэдэг.
Захын эзэн Тельман Исмаилов гэгч хэн бэ?
Захын эзэн Исмаилов 1956 онд Азербайджаны нийслэл Баку хотод уулын еврейн (Тат) гэр бүлд төрсөн . 14 наснаасаа эцгийнхээ худалдааны ажилд нь тусалж байгаад 17 насандаа Ардын аж ахуйн дээд сургуульд элсэн орсон тэр жилдээ Баку хотод өөрийн гэсэн дэлгүүртэй болж амжсан байна. 1985 онд Москвад "Востокинторг" гадаад худалдааны байгууллагад ажиллах болж, 3 жилийн дараа төрөл төрөгсдийн тусламж, өөрийн байр худалдсаны мөнгө 600 мянган рублийн хөрөнгөтэй “КБФ-АСТ” гэх анхны компаниа үүсгэн байгуулжээ. Дэлгүүр түрээсэлж, хувцас зарахаас бизнесээ эхэлсэн Исмаилов Москвагийн Лужникт том зах нээж, 1994 онд “АСТ” компани Черкизийн захын талбайг түрээслэх гэрээ байгуулж амжсан байна.
Ингээд түрээслэх албан ёсны төлбөрөөс гадна худалдаачдаас илүү төлбөр нэхэж, өгөөгүйг нь захаас хөөж эхэлжээ. Зарим хэвлэлүүдийн тооцсоноор 2009 гэхэд зах өөрийн эзэмшигчдээ өдөрт 1 сая долларын орлого оруулдаг байсан гэнэ. Цаашлаад энэ мөнгө азербайджаны гэмт хэргийн бүлэглэлүүдийг санхжүүлэхэд зарцуулагдаж байсан гэх яриа ч бий.
Энэ хугацаанд тэрээр “АСТ-такси” хэмээх тээврийн компани, “Прага” ресторан, “Аст-Капстрой” гэх хөрөнгө оруулалтын компани, "АСТ-Долголетие" 2 сүүний үйлдвэр, "АСТ-Щит" хамгаалалтын алба, “Издательство АСТ” хэвлэх үйлдвэр, Варшавын зах зэрэг нийт 3 тэрбум долларын активтай 31 компанийг нэгтгэсэн групп байгуулж амжжээ. Тэрээр Москвагийн мэр В.Лужков, хотын дэд дарга асан И.Оржоникдзе нартай тун ойр дотно нөхөрлөж, 1999 онд Лужковын сонгуулийн кампаний гол санхүүжүүлэгч болж байжээ.
Тэр дэлхийн алдарт хөгжимчин Авраам Руссо, жүжигчин Женнифер Лопес нарыг москвад урьж том арга хэмжээ зохиож байв. Өөрийн хөрөнгөөр жүүдийн “Шалом” театр, “Ленком” театрын жүжигчдийг байнга ивээн тэтгэж, Израильд еврейн шашны том сүм барихад хөрөнгө зарцуулсан байжээ. Мөн Израил улсыг дэмжих хөрөнгө цуглуулах зорилго бүхий "Керен ха-Йесод" санг толгойлж, Евроазийн жүүдийн чуулганы дэд ерөнхийлөгчийн алба тус тус хашиж байв. Тэр өөрийн төрсөн өдөрт уригдсан хүндэт зочдод гар таталгүй бэлэг сэлт өгч байснаараа дэлхийн хамгийн үрэлгэн баяны нэгээр тооцогдож байв. 2009 онд түүний хөрөнгийг Forbes сэтгүүл 600 сая доллар (70 саяас багагүй гэх тооцоо ч бий) гэж үнэлсэн байдаг.
Исмаилов Черкиз захыг нь хаах тухай шийдвэр гарч байх тэр үед Туркийн Анталья хотод тус улсад хамгийн томд тооцогдох эцгийнхээ нэрээр нэрийдсэн “Мардан-палас“ хэмээх зочид буудлын нээлтээ хийж байв. Нээлтийн ажиллагаанд дуучин Иосиф Кобзон, Шарон Стоун болон бусад хүндэт зочид уригдсан байна. Энэ төслийн нийт зардал 1.4-1.6 тэрбум доллар болсон гэх тооцоо бий. Зочид буудлын нээлтийн дараа туркийн иргэншил авах өргөдлөө өгч, өөр олон зочид буудал барихаа амалсан байна.
Энэ мөчөөс оросууд түргэн авч түүний юу хийгээд байгааг мөрдөж эхэлсэн байна. Гэвч тэд бүх зүйлээс хоцорсон байв. Исмаилов “Прага” ресторанаа 440 сая доллараар зарж, удалгүй орос дахь бүх активаас салж чадсан байлаа. Оросуудыг төрийн тэргүүнтэй нь хамт молигодон, хамаг хөрөнгөө авч зугтан гарч одсон Исмаилов одоо Туркэд гэр бүлийнхээ хамт бизнесээ үргэжлүүлэн эрхэлж байна.
Путины захыг хаах шийдвэрийг Израилийн хэвлэл мэдээлэл Орос дахь еврейн олигархиудын эсрэг кампани эхлүүлж буйн дохио гэж шуугиж эхэлсэн юм.
Эцсийн эцэст энэ хууль бус явдал олон жилээр бугших боломжийн хууль шүүхийн байгууллагуудын авилгалд идэгдсэн байдал, улс төрчдийн мөнгөний сонирхол, гэмт хэргийн ертөнцтэй тогтоосон хэлхээ холбоо олгож ирсэн нь хэнд ч ойлгомжтой. Улмаар зөвхөн нэг улсын дотоод асуудлаас хальж олон улсын харилцаанд сэв суулгахуйц ноцтой байдалд улс орноо оруулсан явдал нь тухайн үеийн эрх баригчдын алдаа гэж үзэхээс өөр аргагүй юм.