Эрх баригчид өөрсдөө хоол хүнсийг хордуулдаг
Итгэмээргүй бөгөөд этгээд хэрнээ нотлогдсон хачирхалтай нууц хуйвалдаанууд (цуврал 2)
Овоо босгоогүй бол шаазгай яаж суух вэ гэгчээр цуу яриа, элдэв домог ихэнхдээ ортой байдаг аж. Үүний жишгээр утгагүй, галзуу гэмээр онол, нууц хуйвалдаанууд үнэн хэрэгтээ түүхэн бодит баримтуудаар нотлогдсон байдгийг та мэдэх үү.
Эрх баригчид өөрсдөө хоол хүнсийг хордуулдаг
Германы нацистууд бөөнөөр хорих лагерийн хоригдлуудыг дуулгавартай болгохын тулд уудаг усанд нь фторид натри хийж байсан түүхтэй. Нууц хуйвалдааныг илчлэх зорилготой нэгдсэн бүлэг хүмүүс “АНУ-ын Засгийн газар өнөөдөр ус дамжуулах хоолойг ийм зорилгоор фторжуулдаг. Энэ бол асар том мөсөн уулын ердөө оргил нь” гэж баталж байна. Заримдаа тэд арай дэгдүүлдэг мэт. АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд америкчуудад сахарын оронд сахар орлуулагч идүүлж сургасан нь дээрх шиг агуулгатай юм байх. Тэр бүү хэл ядуусыг үр удмаа үлдээх чадваргүй болгохын тулд вакцин бүтээх зэргээр АНУ-ын Засгийн газар нууц ажиллагаа явуулан, хүн амаа бүрэн хянадаг гэсэн таамаглалыг хэт сэжигч судлаачид дэвшүүлжээ.
НОТОЛГОО
Итгэхэд бэрх эдгээр таамаглал үнэний хувьтай гэж үү? Дээхэн үеийн нэг жишээ татъя. АНУ архидалтыг бууруулах зорилгоор “хуурай хууль” гаргасан түүхтэй. Засгийн газар архичдаа барьж хорихын зэрэгцээ архи уулгахгүй байх өвөрмөц аргын эрэлд морджээ. Ингээд тэд юу бодож олсон гээч. Эрх баригчид дэлгүүрээр зарах архиндаа хор нэмж үйлдвэрлэхээр шийдсэн байна. Хортой гэж сонсоод айгаад уухгүй гэж бодсон хэрэг. Гэвч эрх баригчид хүн амынхаа хар усны дуршлыг дутуу үнэлжээ. Ингээд 1933 онд хуурай хуулийг халах хүртэлх хугацаанд Засгийн газрын энэ хөтөлбөрийн “ачаар” багаар бодоход 10 мянган хүн амь тавьсан аж. Ганц эерэг тал нь тэд ядаж л согтож амжилгүй эрүүлдээ үхсэн байх даа.
Энэ бол баримт. Гэхдээ сүүлчийнх биш.
Сэм ах хорны тусламжтайгаар ард иргэдийг буруу зуршлаас салгах гэж оролдсон өөр тохиолдол бий. 1970 онд АНУ-ын Засгийн газар Мексикийн марихуаны тариалангийн газарт гербицид цацжээ. Гэтэл мафийнхан дор нь сэтгэж, хор цацсан дор нь хураан авбал ургацаа алдахгүй гэж үзээд ажилдаа оров. Ингээд пестицидэн хачиртай олон тонн марихуан АНУ руу ачигджээ. Тэр үед америкчуудын дуртай хобби нь марихуан татах байсан гэдгийг энд дурдах нь зүйтэй. Харин Засгийн газар иргэдийнхээ энэ шүүмжлэлийг хүлээж аваагүй. Эрх баригчдын үзэж буйгаар хортой марихуаныг уух үед уушиг жаахан өвдөх ба ийм хар тамхийг татахад хоолойноос цус гарахаас өөр гаж нөлөөгүй гэнэ. Тиймээс дэмий юмнаас болж сандраад яах вэ гэу тайвшруулсан гэдэг.