Зургаан секунд тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөс болж хорвоог орхиж байна.
Өнөөдөр дэлхий дээр 1.023 тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэн амьдарч байна. Дэлхийн эдийн засгийн хямрал болон хүнсний үнийн өсөлтөөс болж нэг тэрбум давсан энэ тоо 2010 онд 9.6 хувиар буурах төлөвтэй байгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдэгдлээ.
Сүүлийн 15 жилд өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо тасралтгүй нэмэгдэж байснаас буурсан удаагүй. Харин энэ жил ингэж өөрчлөлт гарсан нь улс орнууд хямралаас гарч, ядуу зүдүү ард иргэдээ анхаарахтайгаа болсных юм. Хэрэв таамагласнаар өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо 9.6 хувиар буурвал цаана нь 925 сая хүн үлдэнэ. Тэдний олонхи нь буюу 578 сая нь Ази, Номхон далайн орны иргэд юм. Тэр дундаа сүүлийн жилүүдэд эдийн засгийн хурдацтай хөгжлөөрөө олон улсыг тэргүүлж буй Энэтхэг, Хятадад гэхэд дэлхийн нийт өлсгөлөнд нэрвэгдэгсдийн 40 хувь нь амьдарч байна.
Дэлхийн Мянганы хөгжлийн зорилтод хөгжиж буй орнуудын өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоог 2015 он гэхэд 10 хувь болгон бууруулахаар тусгасан.
1990-ээд оны эхээр хөгжиж буй орны иргэдийн 20 гаруй хувь нь хоол тэжээлийн дутагдалтай амьдарч байсан юм. Тиймээс энэ тоог 25 жилийн дотор 10 хувиар бууруулах төлөвлөгөө гаргасан. Одоогийн байдлаар энэ төлөвлөгөө 40 хувьтай хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнуудад амьдарч буй өлсгөлөнд нэрвэгдэгсдийн тоо дөрвөн хувиар буурч 16 хувьд хүрээд байгаа аж. Гэвч энэ бол өндөр амжилт биш. Өнөөдөр зургаан секунд тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөс болж хорвоог орхиж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад ч ялгаагүй 19 сая хүн өлөн зэлмүүн амьдарч байгаа гэсэн тоо бий. Энэ олон зуун сая хүнийг өлсгөлөнгөөс салгахад хамгийн ихээр саад болох зүйл нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Ялангуяа, үр тариа, будаа гэх мэт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнээс тэдний амьдрал шууд шалтгаалж байдаг. Орост ган болсны уршгаар дэлхийн зах зээлд үр тарианы үнэ өсөөд байгаа. Гэхдээ хоёр жилийн өмнө улаан буудай, будааны үнэ өссөнтэй харьцуулбал энэ удаагийнх тийм ч өндөр биш гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн онд дэлхий даяар арвин ургац хураан авсан нь өнөө жил үр тарианы үнийг бага ч бол хазаарлаж байгаа юм.