ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа
2020.09.02

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны есдүгээр сарын нэгний өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан, хоёр орны хууль эрх зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцевын мэндчилгээг уламжилсан юм. Түүнчлэн Монгол Улсын  ХЗДХЯ болон ОХУ-ын Дотоод хэргийн яамны 2017-2020 оны хамтын ажиллагааны протокол дуусч байгаа тул шинэчлэн байгуулах хүсэлтийг илэрхийлсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг онцлоод Монгол Улсын  ХЗДХЯ болон ОХУ-ын Дотоод хэргийн яамны уламжлалт хамтын ажиллагааг цаашид баяжуулан өргөжүүлэх бүрэн боломж байгааг дурдаад протоколыг сунган, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Х.Нямбаатар сайд хоёр орны хил орчмын бүс нутгийн хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудын хамтарсан ажлын хэсгийн ээлжит хуралдааныг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан цахим хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай байгааг хэллээ. Мөн тэрбээр иргэний эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа Элчин сайдад уламжилсан юм.

Харин Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын дотоод хэргийн яамнаас туршлага судлах болон цахим уулзалтын талаарх түүний хүсэлтийг нэн даруй Москва руу мэдэгдэхээ илэрхийлж, хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа хууль зүйн салбарын хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх ажлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.